Парисын олимпын нээлтийг тасалдуулах зорилгоор төмөр замын дэд бүтцүүдэд гал түймэр тавьжээ

Парисын олимпын нээлтийг тасалдуулах зорилгоор төмөр замын дэд бүтцүүдэд гал түймэр тавьжээ

Парисын олимпын нээлтээс хэдхэн цагийн өмнө үл мэдэгдэх этгээдүүд Францын төмөр замын сүлжээнд дараалсан халдлага зохион байгуулжээ.

Төрийн өмчит SNCF компанийн мэдээлснээр хорлон сүйтгэгчид Парисыг гол хотуудтай холбосон төмөр замын дэд бүтцүүдэд гал түймэр тавьсан байна.

Тухайлбал хойд бүсийн Лилль, баруун бүсийн Бордо, зүүн бүсийн Страсбург хотуудын чиглэлийн төмөр замуудын дэд бүтцэд гал тавьжээ.

Эрх баригчид зорчигчдод аяллаа хойшлуулахыг зөвлөж, галт тэрэгнүүдийг анх хөдөлсөн цэгүүд рүү нь буцаасан байна.

“Өнгөрсөн шөнө SNCF компанийн Атлантик, Умард, Зүүн чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамууд дараалсан хорлон сүйтгэх ажиллагааны золиос боллоо. Гал түймрийг манай дэд бүтцийг устгахаар санаатай тавьсан байна” гэж Францын төмөр замын үндэсний оператор мэдээлжээ.

Парисын зуны олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад Францын эрх баригчид онцгой анхаарал хандуулж, 45,000 цагдаа, 10,000 цэрэг, 2,000 хувийн хамгаалалтын мэргэжилтэн дайчилсан нь тус улсын түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл юм.

Парисын гол барилгуудын дээвэр дээр мэргэн буучид байрлаж, нисгэгчгүй онгоцнууд буюу дронууд агаараас тогтмол хяналт тавьж байгаа.

Парис 2024 наадмыг зохион байгуулагчид SNCF компанитай нягт хамтран ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Одоогоор хорлон сүйтгэх ажиллагааг хэн зохион байгуулсан талаар ямар нэг сэжиг таамаг гараагүй байна.

Францын зам тээврийн сайд Патрис Вергриет уг ажиллагааг “гэмт хэрэг” гэж тодорхойлжээ.

 

                                                                                                                                                             Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд