Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Парисын олимпийг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй бололтой. Энэ удаад тамирчдын тосгонд хулгай их гарч байна гэх гомдол ихэсчээ. Зуны 33 дахь олимпийн наадамд 11 мянга гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд тэд тамирчдын хотхонд хамтдаа байрлаж буй. Парисын олимпийн тамирчдын хотхон нь Сэйнт-Денис, Сэйнт-Овин, Лилль-Сэйнт-Денис зэрэг суурингуудад байрлах 2.5 акр талбай бүхий газарт байрладаг. Хотхон доторх хулгайн асуудал тасрахгүй байгааг зохион байгуулагчид хэлж байна.
Сүүлд л гэхэд Японы рагбигийн багийн тамирчин хурим бөгж, зүүлт, 3000 орчим евро өрөөнөөсөө алдсан гэж мэдүүлжээ. Гол нь түүний өрөөнд хүчээр нэвтэрч орсон шинж байхгүй аж. Японы олимпийн хороо ч баг тамирчдадаа энэ талаар анхааруулж, үнэт зүйлсээ сайтар харж хандахыг зөвлөжээ.
Үүнээс гадна Австралийн зүлэгний хоккейн багийн дасгалжуулагчийн банкны картыг хулгайлж, залилан хийхийг оролдсон гэнэ. Түүний банкны картыг ашиглан 1500 австрали долларын гүйлгээ хийснийг мэдэж, банкандаа ханджээ. Мөн л өрөөнд нь хүчээр нэвтэрч орсон ул мөр үгүй.
Өнгөрсөн долоо хоногт Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Хавьер Машкерано зарим тамирчид нь дээрэмдүүлсэн гэдгийг хэлсэн. Тэрбээр "Хулгайчид бидний бэлтгэлийн бааз руу орж, дээрэмдсэн байна лээ. Тиаго Алмейдагийн хувийн эд зүйлс, цаг, үнэт эдлэлийг хулгайлсан" гэжээ. Сүүлд гарсан мэдээллээр Тиаго Алмейда 54,250 ам.долларын үнэ бүхий зүйлсээ алджээ.
Тамирчдын тосгон дотор цагдаагийн хэсэг байхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Дээрх гарсан хэргүүдийг тосгонтой хамгийн ойр цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэв. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэл гарчээ. Учир нь тамирчдын тосгон дотор тамирчдын эрх ашгийг хамгаалах үүднээс хяналтын камер байхгүй, тамирчдын өрөөний мэдээлэл нууцын зэрэглэлтэй байгаа гэнэ.