Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөлт ихэссэн бөгөөд диализын аппараттай болсноор иргэд бусад эмнэлгийг зорьж, ачаалал үүсгэхгүйгээр харьяаллынхаа төрөх эмнэлэгт үйлчилгээ авах боломж бүрдэж буй юм.
Мөн уулзалтаар эмнэлгүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм. Тодруулбал, эмнэлгүүдийн сайн туршлага, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, ажлын байрны сэтгэл ханамж болон иргэдэд хүрч үйлчилж чадаж байгаа эсэх, хүртээмжээ сайжруулахын тулд төрийн дэмжлэг аль хэсэгт хэрэгтэй байгааг хэлэлцлээ.
Эмнэлгүүдийн удирдлагуудын зүгээс эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг сайжруулах нэн шаардлагатай. Мөн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрт төрөөс дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, түргэн тусламжийн машины парк шинэчлэлт хийх, хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлд анхаарах тухай санал дэвшүүлэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Төрийн бодлогын хэрэгжилт анхан шатандаа ямар байгааг эргэн харах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй. Ингэснээр 2025 оны төсөв болон 2024 оны төсвийн тодотгол хэлэлцэгдэж буй энэ үед эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болно” гэв.