Ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй, олимпийн аварга Цюанийн талаарх сонирхолтой баримтууд

Ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй, олимпийн аварга Цюанийн талаарх сонирхолтой баримтууд

Цюань Хунчань гэх 17 настай, Хятадын усанд үсрэлтийн тамирчин хоёр олимп дараалан алтан медаль хүртээд байна. Тэрбээр Токиогийн олимпийн 10 метрийн тавцангийн төрлөөс алтан медаль хүртэж байсан бол энэ удаад Парисын олимпийн 10 метрийн синхрон төрлөөс мөн алтан медаль хүртэв. Дөнгөж 14 насандаа олимпийн аварга болж, 17 насандаа олимпийн аваргаа хамгаалсан түүнтэй холбоотой зургаан баримтыг та бүхэндээ хүргэе.

1. ЭЭЖИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨЛӨӨ

Цюань Хунчань 2000 гаруй хүнтэй Майхэ тосгоны таван хүүхэдтэй нэгэн гэр бүлийн гурав дахь хүүхэд нь аж. Түүний аав жүржийн фермер бол ээж нь автомашины осолд орох хүртлээ үйлдвэрт ажилладаг байжээ. Долоон настайдаа Цюань сургуулийнхаа найзуудтай "чиртаа" тоглож байхад нь түүний үсрэлт Чжаньцзян хотын спортын сургуулийн багш Чэн Хуамин анхаарлыг татав.

Цюань энэ талаар дурсахдаа "Тэр намайг жижигхэн, шаламгай хөдөлгөөнтэй ч бусдаас илүү хол, өндөр үсрэх авьяастай гэж хэлсэн. Тухайн үед би 120 см өндөртэй, 176 см үсэрдэг байсан. Дасгалжуулагч Чэн тогтмол хотын ойролцоох хөдөө, тосгодоор явж, хүүхдүүдийг сургуульдаа элсүүлдэг байсан юм. Би түүнтэй уулзаад шууд гэртээ хариад ээж аавдаа хэлсэн. Дасгалжуулагч Чэн сургуульд надад усанд үсрэхийг заасан. Би багадаа ямар ч спортоор хичээллэж үзээгүй хүүхэд байсан. Харин тэр үед усанд тоглож, надад таалагдсан. Бусад хүүхэдтэй харьцуулахад тавцангаас ус руу үсрэхдээ би эргэлзэж байгаагүй. Хичээлдээ сайн биш ч усанд үсрэхдээ өөртөө итгэл дүүрэн байдаг" гэжээ.

Цюань олимпийн наадмаас медаль хүртэж, ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлөх чин хүсэлтэй байлаа.

Тэрбээр "Миний ээж өвчтэй байгаа. Ямар өвчин гэдгийг нь мэдэхгүй юм. Түүнийг эмчлэх мөнгийг олмоор байна. Ээжийг минь эмчлэхэд их мөнгө орно" гэжээ. Цюанийг Токиогийн олимпод түрүүлснийх нь дараа Чжаньцзян хотын эрүүл мэндийн хороо Цюанийн ээж, өвөө хоёрынх нь бүхий л эмчилгээний зардлыг даасан түүхтэй.

2. ГУАНДУН МУЖААС ТӨРСӨН ӨӨР НЭГЭН АВАРГА

Цюанийн төрөлх Гуандун муж бол үеийн үед Хятадын усанд үсрэлтийн шилдэг тамирчдын гэр болсон нутаг. Энэ л мужаас олимп, дэлхийн аваргууд болох Чэн Шиаошиа, Сүн Шүвэй, Хү Жиа, Ян Жинхү, Ши Сий нар мэндэлжээ.

3. ХАЛУУН НОГООТОЙ АМТТАН, ПАРКЫН ТОГЛООМ, СУПЕРМАРКЕТ

Цюанийн хобби, сонирхол нь хятадуудын анхаарлыг татаж, хайрыг нь хүргэжээ. Токиогийн олимпоос 14 насандаа алтан медаль хүртсэн тэрбээр Латиао гэх халуун ногоотой амттанд дуртай гэнэ. Олимпийн аварга болсныхоо дараа тэрбээр "Би дуртай амттанаа аль болох ихийг идмээр байна. Бас парк явж тогломоор байна. Чихмэл тоглоомны машин дээр тоглож, чимхэл тоглоом хожмоор байна. Миний мөрөөдөл бол төрөлх тосгондоо жижигхэн мухлагтай болох. Гэхдээ одоо миний мөрөөдөл супермаркет боллоо" гэжээ.

4. ЧИХМЭЛ ТОГЛООМОНДОО ХАЙРТАЙ

Токиогийн олимп бол Цюанийн хамгийн анхны хилийн чанадыг зорьсон тэмцээн. Дэндүү балчир насандаа том гүрнийг төлөөлж, олимпийн наадмыг зорьсон учир түүнд сандрах, түгших, дарамт мэдрэх үеүд зөндөө байв. Гэхдээ түүний хажууд хамгийн хайртай чихмэл тоглоом нь байсан аж. Үүнийг түүний ах дүүдээ бэлэглэжээ. Цюань "Би энэ чихмэлдээ хайртай. Надтай үнэхээр адилхан харагддаг. Бид хоёулаа шүдээ ярзайлган инээдэг" гэв.

5. ТҮҮНД ТӨРӨЛХИЙН АВЬЯАС БУС ХӨДӨЛМӨРЧ ЗАН Л БИЙ

Цюанийг юу олимп, дэлхийн аварга болгосон бэ? Онцгой техник, сүүлийн үеийн бэлтгэлийн байгууламж уу? Аль нь ч үгүй. Тэр зүгээр л бэлтгэл сургуулилалтаа яс хийж, бүхнээс илүү хөдөлмөрлөдөг.

Энэ талаар Гуандун мужийн усанд үсрэлтийн багийн дасгалжуулагч Хи Вэий "Цюань үеийнхнээсээ илүү бэлтгэл хийдэг. Үүндээ бүр донтчихсон. Тэр надаас үргэлж зогсолт, үсрэлт нь зүгээр байгаа эсэхийг лавладаг. Хэрэв би хариулахгүй бол тэр сэтгэлээр унадаг. Түүний туйлын хүсэл бол төгс үзүүлбэр үзүүлэх" гэжээ.

6. ЦЮАНЬ ХУНЧАНЬД ЗОРИУЛЖ ҮГ ГАРГАСАН

Цюанийн үзүүлбэрийг тодорхойлохын аргагүй байсан гэнэ. Тиймээс түүний үзүүлбэрийг тодорхойлохын тулд шинэ үг гаргажээ. Энэ нь "Шуи Хуа Шиао Ши Шу" гэх аж. Энэ нь усны дусал алга болох техник гэсэн үг гэх. Цюань ус рүү үсрэхдээ ус цацруулдаггүй учир энэ үгийг гаргажээ. Цюань Хунчань Токиогийн олимпод түрүүлэхдээ 466.20 оноо авч, дэлхийн рекордыг тогтоосон бөгөөд хоёр болон дөрөв дэх үсрэлтээрээ бүх шүүгчдээс бүтэн арван оноо авсан нь дэлхий нийтийн гайхшруулсан билээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд