Японы мэргэжилтнүүд 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиох магадлалтай гэж үзжээ

Японы мэргэжилтнүүд 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиох магадлалтай гэж үзжээ

Өчигдөр буюу Пүрэв гарагийн орой Япон улсын эрх баригчид ойрын үед томоохон газар хөдлөлт тохиох эрсдэл нэмэгдэж байгааг иргэддээ анхааруулжээ.

Ингэхдээ газар хөдлөлтийг гарцаагүй гэж хэлж чадахгүй ч ердийн үеийнхтэй харьцуулахад магадлал өндөр байгааг тайлбарласан байна.

Уг анхааруулгыг гарахаас хэдхэн цагийн өмнө тус улсын өмнөд арал Кюшүд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

Энэ үеэр ямар нэг томоохон хохирол учраагүй байна.

Гэхдээ энэ газар хөдлөлтийн төв цэг Япон улсын Номхон далайн эрэг дагуу үргэлжилдэг Нанкайн Тэвшний ирмэгт байрладаг тул мэргэжилтнүүд дээрх анхааруулгыг гаргажээ.

Нанкайн Тэвшний дагуу тохиосон өмнөх газар хөдлөлтүүдийн үеэр олон мянган хүний амь үрэгдэж байсан юм байна.

Эдгээр газар хөдлөлтүүд нь 90-200 жил тутамд давтагддаг ба хамгийн сүүлийнх нь 1946 онд тохиож байжээ.

Мэргэжилтнүүд ойрын 30 жилийн дотор 8-9 магнитудын хүчтэй дараагийн газар хөдлөлт тохиох магадлалтай гэж үзэж байна.

Хамгийн муу тохиолдолд энэ газар хөдлөлт болон дагалдан үүсэх цүнамигийн гамшгийн улмаас 200,000 гаруй хүн амь үрэгдэх тооцоо гаргажээ.

Тиймээс ойрын нэг долоо хоногийн хугацаанд бэлтгэлтэй байхыг иргэдэд анхааруулж, хурдан гэрээ орхин явах боломжгүй хүмүүст сайн дураараа нүүн шилжихийг Японы Цаг Уурын Байгууллага зөвлөсөн байна.

 

                                                                                                                                              Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд