Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Венесуэльд "Х" платформыг 10 өдрийн хугацаатай хориглох зарлигт ерөнхийлөгч Николас Мадуро гарын үсэг зуржээ. Өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн маргаантай ялалтаас хойш "Х" платформын гүйцэтгэх захирал Элон Маск, Мадуро нар сөргөөцөлдөх болсон. Элон Маск Венесуэлийн ерөнхийлөгчийг дарангуйлагч, алиалагч гэж нэрлэсэн бол Мадуро түүнийг үзэн ядалт, фашизм, иргэний дайныг өдөөсөн гэж буруутгажээ.
Сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй жагсаал цуглаан сүүлийн хэдэн долоо хоногийн турш Венесуэльд үргэлжилж байна. Мөн жагсаалд оролцсон олон 100 хүн баривчлагдсан.
Зургадугаар сарын 28-нд болсон сонгуулийг бие даасан ажиглагчид ардчилсан бус гэж тодорхойлжээ. Мөн Мадурогийн өрсөлдөгч Эдмундо Гонзалезыг үнэмлэхүй ялалт байгуулсан байсныг сөрөг хүчин мэдэгдсэн байна.
Сонгуулийн үеэр Венесуэлийн сонгуулийн зөвлөл кибер халдлагын бай болсон гэж Мадуро үзэж байгаа бөгөөд үүндээ Элон Маскийг буруутгажээ. Мадуро Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ "Венесуэлийн харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн байгууллага ‘Х’ платформыг хэрэглээнээс хасах болно. Платформын эзэн Элон Маск бүх дүрмийг зөрчсөн. Тэр үзэн ядалт, фашизм, иргэний дайн, үхэл, сөргөлдөөнийг өдөөн турхирч, дүрэм зөрчсөн. Венесуэлийн бүх хуулийг зөрчсөн" гэжээ.
Сонгуулийн өмнө Элон Маск "Венесуэльчууд илүү сайхан ирээдүйгээ сонгох цаг ирлээ" гэж жиргэж байв. Гэвч сонгуулийн дараа тэр сонгуулийн луйвар хийсэн гэж Мадурог буруутган, "Дарангуйлагч Мадуро ичих хэрэгтэй" гэжээ. Мөн тэрбээр Мадурог илжигтэй зүйрлэж, "Венесуэльчууд энэ алиалагчаас одоо залхсан" гэжээ.
Венесуэлийн сонгуулийн зөвлөл Мадурог ялагчаар зарласан ч санал хураалтын нарийн дүнг танилцуулаагүй хэвээр байна. Одоогоор АНУ, Аргентин, Уругвай, Эквадор улсууд Гонзалезыг ялагч гэж хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Эх сурвалж: BBC