Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украины армийн хяналтад Оросын Курск мужийн 74 тосгон суурин орсныг ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр орой мэдээлжээ.
Өмнөх өдөр нь буюу Даваа гарагт Курск мужийн захирагч ОХУ-ын ерөнхийлөгч Путинд нөхцөл байдлыг танилцуулахдаа 28 суурин газар Украины армийн хяналтад байгааг хэлж байсан юм.
Мягмар гарагийн өглөө Зеленский хэлэхдээ Украины цэрэг Курскийн нутаг дэвсгэрт байнгын хяналтаа тогтоох зорилгогүй, хэрвээ Москвагийн эрх баригчид “шударга энх тайван” тогтоох саналыг зөвшөөрвөл давшилтаа зогсоох боломжтойг мэдэгдэж байв.
Ингэхдээ тэр Украины армийн ерөнхий командлагч Олександр Сирськийтэй хийсэн видео уулзалтынхаа бичлэгийг нийтэд үзүүлсэн байна.
“Өнөөдөр манай цэргүүд зарим чиглэлд 1-3 км давшлаа. Сүүлийн нэг хоногт 40 км.кв талбайтай газар нутагт хяналтаа нэмж тогтоогоод байна” гэж Сирський энэ үеэр Зеленскийд мэдээлж байв.
Сирський цааш нь “Фронтын бүх шугам дагуу тулаан үргэлжилж байна. Хэдийгээр тулаан ширүүсэж байгаа ч нөхцөл байдал хяналтад байгаа” гэж хэлсэн юм.
Украины армийн анги нэгтгэлүүд өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагийн өглөө хил залгаа ОХУ-ын Курск мужийн нутагт цөмрөн орж байв.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ямар ч гадаад улсын зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт ийм гүн давшиж байгаагүй юм.
Өчигдөр Украины гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын газар нутгийг Киев булаан эзлэх сонирхолгүйг батлаад зэвсэгт хүчнийх нь энэ ажиллагаа “бүрэн хууль ёсных” болохыг тайлбарлажээ.
“Оросын тал шударга энх тайван тогтоох саналыг аль болох хурдан зөвшөөрвөл Украины зэвсэгт хүчин давшилтаа даруй зогсооно” гэж тэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: AFP