Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арабууд шонхор шувуу барьсантай холбоотой хэд хэдэн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Иргэн О "Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагч Арабуудаас авлига авсан. Арабуудын автомашинаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис олдсон гэх агуулгатай лайв бичлэг нийгмийн сүлжээнд нийтэлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын байранд нэр бүхий иргэд лайв хийж, цагдаагийн албан хаагчийг гадаадын иргэдээс хахууль авч байна гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн.
Үүнтэй холбогдуулан миний бие тухайн өдөр Өвөрхангай аймагт очиж албаны шалгалт зохион байгууллаа. Албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг талаар мэдээлье.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 13:58 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт гадаадын иргэдийн зорчиж явсан Ланд Крузер-200 маркийн автомашин жалга руу орж, зам тээврийн осол гарлаа гэдэг мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очиж үзлэг, шалгалт хийж, автомашинд зорчиж явсан орчуулагчийг цагдаагийн байгууллагад авчирч тайлбар, мэдүүлэг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Автомашин нь явах боломжгүй болсон, хөдөлгүүрээс тос гоожиж байсан тул ачилтын үйл ажиллагаа явуулдаг иргэнд хандан, тээврийн хэрэгслийг түр журамлах хашаанд авчирчээ.
Энэ үйлчилгээний төлбөр нь 150 мянган төгрөг. Ингээд иргэн төлбөрөө нэхэмжилсэн, үүний дагуу автомашины эзэмшигч төлбөрөө төлөхөөр болж туслах Ж гэдэг иргэн рүү ярьж, автомашиндаа байгаа бүх мөнгө болон эд зүйлийг авчрахыг хүссэн.
Ингээд туслах Ж цагдаагийн байгууллага руу ороход үүдэнд иргэд лайв хийж байсан. Ж-г зохицуулагчийн өрөөнд орох хооронд иргэд барьж явсан торыг нь үзэж, шалгахыг хүссэн. Улмаар бэлэн мөнгө гарч ирэхэд цагдаагийн албан хаагчид авлига өгөх гэж байна гэдэг ташаа мэдээлэл тараасан. Энэ үед тасгийн дарга бууж ирсэн. Гэтэл түүнийг авлига авах гэж байсан гэж ташаа мэдээлсэн. Өөрөөр хэлбэл нийт 4 сая төгрөг байснаас 150 мянган төгрөгийг л ачилтын үйлчилгээнд төлөх гэж байсан гэсэн үг” гэлээ.
Мөн гадаадын иргэдийн автомашинд мансууруулах бодис байсан эсэхэд “Бэлэн мөнгө, эд зүйлсийг лайв хийж байсан хүмүүс аваад явсан. Тиймээс шалгах боломжгүй байна. Юу болохыг нь шинжээч томилж байж тогтоох боломжтой. Түүнээс нүдээр хараад юу болохыг нь хэлэх боломжгүй” гэв.
Харин ууттай мөнгөний талаар гадаадын иргэдэд орчуулагч хийж өгсөн иргэн “Би Араб иргэнтэй хамт байцаагчийн өрөөнд мэдүүлэг өгөөд сууж байсан. Ачилтын автомашины төлбөр төлөх шаардлагатай болсон.
Ингээд Арабын иргэн автомашин дотор байгаа бэлэн мөнгө мөн тамхи аваад ирэхийг хүссэн. Тиймээс би өөр нэг хүнд хэлж, мөнгө, тамхийг нь цагдаагийн өрөөнд оруулаад ир гэж хэлсэн юм. Гэтэл орж ирэх замд нь лайв хийж байсан хүмүүс таараад мөнгийг булаан авч, цагдаад хахууль өгөхийг завдсан гэдэг асуудал үүсжээ” гэж тайлбарласан байна.