Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадын иргэд идлэг шонхор шувууг барьж, хил давуулж байна гэх мэдээлэлтэй холбоотойгоор Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас албан ёсны мэдээлэл өглөө.
Тус яамны Салбарын хяналтын газрын дарга Ц.Уранчимэг "Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоолын дагуу 14 аймгийн нутаг дэвсгэрээс нийт 350 бодгаль хүртэл тооны Идлэг шонхор шувуу барих боломжтойгоор гэрээ байгуулагдсан байна. Тухайн үйл ажиллагаатай холбогдуулан тус яамнаас дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
- Тухайн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд тодорхой ойлголт өгөх зорилгоор “Идлэг шонхор шувууг барих, соёлын зориулалтаар гадаад улсад гаргах зохицуулалт”-ын талаар мэдээлэл бэлтгэж, тус яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн,
- Орон нутагт хяналт хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, улсын байцаагчдад “Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд баримтлах хууль эрх зүйн зохицуулалт, шалгах баримт бичиг” сэдвээр цахим уулзалт зохион байгуулж, чиглэл хүргүүлсэн,
- Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд Монгол Улс талыг төлөөлж баримт бичгийг бүрдүүлдэг, орчуулагчаар ажилладаг иргэдтэй уулзалт зохион байгуулж, шувуу барих үйл ажиллагаанд оролцож буй гадаад, дотоодын иргэдэд Монгол Улсын хууль эрх зүйн зохицуулалтын талаар сургалт зохион байгуулж, мэдээллээр хангаж ажиллах шаардлага тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн,
- Идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх үйл ажиллагаанд шаардагдах гарал үүслийн тодорхойлолт, сайдын тушаалаар батлагдсан гэрээ, актны загвар зэргийг аймгуудад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангасан,
- Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна" гэв.
Салбарын яамнаас хяналт шалгалтын талаар дараах ажлуудыг хийжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Н.Галбадрахаас БОУАӨЯ-нд ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдагдсан асуудлын хүрээнд гомдол гаргагч иргэнийг байлцуулан аймаг, сумдын улсын байцаагч, цагдаагийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтад тус аймгийн Тарагт, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй долоон отог /Сант суманд 1, Есөнзүйл суманд 1, Тарагт суманд 5 отог байрлаж байна/, 13 тээврийн хэрэгслийг хамруулж, зохих зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрээ байгуулахгүйгээр 52 бодгаль тагтаа, ногтруу шувуу барьсан, хог хаягдлыг ил задгай байгальд хаясан, газар ухаж булсан, хог шатаасан зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж, зөвшөөрөлгүйгээр барьсан шувуудыг байгальд нь эргүүлэн тавьж, зөрчил гаргасан хоёр хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6-4-д заасны дагуу тус бүр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж ажиллажээ. Хяналт шалгалттай холбогдуулан тухайн аймгийн нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаа явуулж буй иргэдэд “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” 01/26-01/061/07 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэлээ.
Мөн Төв аймагт идлэг шонхор шувуу барих суурин отгууд байршиж буй нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэл хүргүүлж, тухайн аймгийн Байгаль орчны газрын улсын /ахлах/ байцаагч, сумдын улсын байцаагчид, цагдаагийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны наймдугаар сарын 8-15-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтад Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 10 отгийг хамруулж, зохих зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулахгүйгээр 9 бодгаль идлэг шонхор шувуу барьсан зөрчил дутагдлыг илрүүлж, зөвшөөрөлгүйгээр барьсан шувуудыг байгальд нь эргүүлэн тавьж, хоёр этгээдэд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Харин Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Хүрээмарал сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 8 отог /Галуут суманд 2, Бөмбөгөр суманд 2, Хүрээмарал суманд 4 отог байрлаж байна/, 12 тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад хамруулж, зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр 50 бодгаль тагтаа, 14 бодгаль ногтруу шувуу барьсан зөрчил дутагдлыг илрүүлж, зөвшөөрөлгүйгээр барьсан шувуудыг байгальд нь эргүүлэн тавьж, зөрчил гаргасан нэг хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6-1-д заасны дагуу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл, 1.156.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, нэг этгээдэд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна гэдэг мэдээллийг холбогдох яамнаас өглөө.