Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даваа гарагт Украины арми ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт Сейм голын дээр оршдог гурав дахь гүүрийг устгаснаа зарлажээ.
Карыж тосгоны ойролцоо оршдог гүүрийг Украины талаас бөмбөгдөж гэмтээснийг Оросын албаныхан баталсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан, Бямба гарагуудад Сейм голын өөр хоёр гүүр мөн устгагдсан юм.
Ингэснээр Сейм голын өмнөд эрэгт байгаа Оросын цэргийн ангиудын арын хангамж тасалдахад хүрч байна.
Хэрвээ энд үлдсэн цэргүүд бууж өгвөл Украины зэвсэгт хүчин 700 км.кв нутаг дэвсгэрийг хяналтдаа нэмж оруулах ажээ.
Одоо Оросын тал цэргийн хангамжаа хүргэхийн тулд Сейм голд хөвөгч гүүр тавьж эхэлсэн байна. Гэхдээ энэ нь Himars мэтийн Өрнөдөөс Украинд нийлүүлсэн зэвсгийн цохилтод өртөх өндөр магадлалтай юм.
Даваа гарагт Украины зэвсэгт хүчин Курск мужийн Снагость, Апанасовка тосгодыг хяналтаа оруулжээ.
Украины цэргүүд Суджа орчимд шуурхай давшиж байх хооронд Оросын цэргүүд дорнод фронт дээр мөн алгуур урагшилсаар байна.
Өчигдөр Оросын арми Нью-Йорк тосгоныг эзэлж, нэрийг нь Новгородске болгон өөрчилсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Сүүлийн хэдэн сарын турш Оросын цэргүүд Донецк мужийн Покровск хотын ойр орчмын жижиг тосгодыг ээлж дараалан эзэлсээр байгаа.
Өчигдөр Покровск хотын цэргийн командлагч Сергей Добряк хоёр долоо хоногийн дотор дайсан хотод орж ирэх магадлалтай болсон тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсныг зарлажээ.
Хотын оршин суугчдын 60 хувь нь хэдийнээ дүрвээд байгаа юм байна.
Оросын эрх баригчид Курскийн давшилтыг зогсоохын тулд Украины өмнөд фронт дахь хүчийг болон ар талын нөөц хүчийг дайчилж байгаа ч Покровск чиглэлийн хүчээ татахгүй, харин ч улам зузаатгаж байгаа.
Зеленский Курскийн ажиллагааг Украины нутаг дэвсгэрийг хамгаалах буфферын бүс үүсгэх, Оросын эрх баригчдыг хэлэлцээний ширээний ард суулгах зорилготой гэж тайлбарласан юм.
Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчидтэй уулзахдаа Украины тал Курск мужид байлдааны ажиллагаа явуулж буй тохиолдолд ямар ч яриа хэлэлцээ явуулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters