Б.Оюунсанаа: Словенийн Ойн албатай хамтран мод үржүүлгийн технологийг нэвтрүүлнэ

Б.Оюунсанаа: Словенийн Ойн албатай хамтран мод үржүүлгийн технологийг нэвтрүүлнэ

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар өчигдөр эхэлсэн билээ.

Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд болох гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо, хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг зэрэг сэдэвт салбар хуралдаан явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Тус чуулга уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд нутгийн хөгжлийн оролцоо" сэдэвт арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" олон онцлогтой болж байна. Энэ арга хэмжээг угтаж Ойн газрын зүгээс салбарын эмэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. 

Бүгд Найрамдах Словени Улсын ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар манай улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд "Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" болон Ойн газраас зохион байгуулж буй дагалдах арга хэмжээнд оролцож байгаа юм. 

Энэ арга хэмжээ нь "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд нутгийн хөгжлийн оролцоо" гэсэн агуулгатай бөгөөп НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд орон нутгийн иргэдийг хэрхэн оролцуулах, дэмжих талаар ярилцсан. 

Ойн салбарт ажилладаг эмэгтэйчүүд энэ арга хэмжээнд ирж оролцлоо. Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцож буй мод үржүүлэх салбарын эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах, салбар хооронд уялдааг дээшлүүлэх талаар ярилцаж байна. 

Бид Бүгд Найрамдах Словени Улстай ойн аж ахуй, тус салбарын эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэсэн хамтарсан төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд орон нутагт буй ойн салбарын эмэгтэйчүүдэд зориулж мод үржүүлэг, ойн менежмент, мод ургуулах арчлах, эко системийн үнэ цэн, ойгоос гарч буй бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж хэрхэн зах зээлд нийлүүлэх талаар сургалт зохион байгуулсан. Тус сургалтад нийтдээ орон нутгийн 400 гаруй хүн хамрагдсан юм. 

Түүнчлэн Бүгд Найрамдах Словени Улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд тус улсын Ойн алба, Ойн судалгааны хүрээлэнтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. 

Тус санамж бичигт дурдсанаар ойн аж ахуйн олон чиглэлээр хамтарч ажиллах, мод үржүүлгийн технологийг Монголд нэвтрүүлэх, туршлага солилцох, ойн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар боллоо" хэмээн ярив. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд