Телеграмыг үүсгэн байгуулагч П. Дуровыг улс төрийн асуудлаар баривчлаагүй гэв

Телеграмыг үүсгэн байгуулагч П. Дуровыг улс төрийн асуудлаар баривчлаагүй гэв

Телеграм платформыг үүсгэн байгуулагч, Оросын уугуул Павел Дуровыг баривчилсан явдал “улс төрийн учир шалтгаангүй” болохыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр мэдэгджээ.

Бямба гарагт Азербайжанаас хувийн онгоцоороо Парисын Ле Бургет нисэх буудалд газардсан Дуровыг хууль хүчнийхэн баривчилсан юм.

Макроны мэдэгдлийн дараа Парисын прокурорын газар Дуровыг кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажилтай холбогдуулан саатуулсныг баталжээ.

Тухайлбал хууль бус санхүүгийн гүйлгээ, хүүхдийн садар самуун агуулга, луйвар, эрх баригчидтай харилцахаас зайлсхийсэн зэрэг үндэслэлээр саатуулсан байна. Макроны мэдэгдэл нь Дуровын баривчилгаатай холбоотой Францын эрх баригчдын анхны байр суурь байсан юм.

“Францын нутаг дэвсгэрт Телеграмын үүсгэн байгуулагчийг баривчилсан нь одоо явагдаж буй мөрдөн шалгах ажилтай холбоотой. Үүнд улс төрийн шалтгаан байхгүй. Энэ бол хуулийн байгууллагын шийдэх асуудал” гэж Макрон сошиал хуудсандаа бичсэн байна.39 настай Дуров нь Франц болон Арабын Нэгдсэн Эмират Улсын давхар иргэний харьяалалтай хүн юм.

“Оросын Марк Закербэрг” гэгддэг түүний хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $15.5 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Энэ оны дөрөвдүгээр сард Дуров зарим улсын эрх баригчид дарамт шахалт үзүүлж байгаа ч Телеграмыг төвийг сахисан, “улс төр, геополитикийн хамааралгүй” платформ байлгахыг чармайж байгаагаа ярьж байв.

Дуров өөрийнх нь үүсгэн байгуулсан ВКонтакте сошиал платформд Оросын эрх баригчид хяналтаа тогтоохоор дарамт шахалт үзүүлсэн шалтгаанаар 2014 онд эх орноосоо дүрвэж байжээ.Сүүлд тэр тус платформын хувь эзэмшлээ зарсан юм.

Одоо бараг нэг тэрбум хэрэглэгчтэй болоод буй Телеграм нь Орос, Украин болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын зах зээлд хамгийн их хэрэглэгддэг.

Зөвлөлтийн үеийн Ленинград хотод төрж, Санкт Петербургийн Их сургуулийг төгссөн Дуров өөрийн улс төрийн үзэл баримтлалыг “либертари” гэж тодорхойлж байв.Тэрбээр 2021 онд Франц улсын иргэн болсон юм. Ингэхдээ тусгай хялбаршуулсан нөхцөлөөр паспорт авсан гэгддэг.

 

                                                                                                                                                   Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд