ОХУ хоёр өдөр дарааллан Украинд агаарын том цохилт өгчээ

ОХУ хоёр өдөр дарааллан Украинд агаарын том цохилт өгчээ

ОХУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагийн /2024.08.27/ орой Украины хэд хэдэн бүс рүү дрон нисгэж, пуужин харважээ.

Украины агаарын хүчин мэдэгдсэнээр Оросын тал 90 гаруй пуужин болон дрон ашиглан халдсан байна. Агаарын хамгаалалтын систем харвасан арван пуужингийн тав, 81 дроны 60-ыг устгасан гэж мэдэгдсэн юм.

Тус халдлагын улмаас зургаан хүн нас баржээ. Даваа гарагийн /2024.08.26/ орой ОХУ-ын зэвсэгт хүчин 200 гаруй дрон, пуужингаар Украины хэд хэдэн бүсэд болон энергийн дэд бүтцэд нь халдсан.

Даваа гарагийн халдлагын дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Энергийн салбарт их хэмжээний хохирол учирсан” гэсэн юм. Тус цохилт дайн эхэлснээс хойш явагдсан хамгийн өргөн цар хүрээтэй байсан гэж Украины албан тушаалтан мэдэгдсэн билээ.

Зеленский мягмар гарагт Оросын цохилтын эсрэг хариу арга хэмжээ авна гэсэн юм. Мөн тэрбээр холбоотон орнуудаа агаарын довтолгооноос хамгаалах хамтарсан ажиллагаа явуулахыг бодож үзэхийг уриалсан байна.

Томоохон хэмжээний агаарын цохилт өгөхөөс гадна ОХУ Украины зүүн бүсэд бага багаар ахиц гаргаж, стратегийн ач холбогдол бүхий логистикийн бүс болох Покровск руу ойртож буй.

Зеленский ахлах албан тушаалтнуудтайгаа уулзсаны дараа Покровскийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авах шийдвэр гаргажээ.

                                                                                                                                                                         Эх сурвалж: NBC News



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд