Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУГЖ Ж.Эрдэнэчимэгийн санаачилгаар уран нугараачдын "Уян" наадам хоёр дахь тоглолтоо Улаанбаатар хотноо хийх гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө.
Тоглолт энэ сарын 7-8-ны өдрүүдэд 19:00 цагаас “Улаанбаатар театрт” болох бөгөөд АНУ, Япон болон Европын олон орнуудаас мэргэжлийн 40 гаруй уран нугараачид хүрэлцэн ирж оролцох аж. Мөн гадаадын томоохон циркүүдэд ажилладаг монголын залуу уран нугараачид тоглолтод оролцох бөгөөд нийтдээ 300 гаруй уран нугараач оролцохоор болоод байгаа юм байна.
Тус наадам нь анх 2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдож байсан бөгөөд хоёр дахь удаагийн тоглолтоо ийнхүү анх удаагаа эх орондоо хийх гэж байна гэдгийг наадмыг санаачлагч МУГЖ Ж.Эрдэнэчимэг онцолж байв.
"Монголын уран нугараачид Америкийн хотуудаар уран нугаралтын үрийг тарьж эхэлснээс хойш 30 жил өнгөрчээ"
Тэрбээр "Монголын уран нугараачид маань 1990 оноос хойш бүгд Америк болон Европын орнууд руу явж ажиллаж эхэлсэн. Тэдгээр уран нугараачид уран нугаралтаараа ажиллахаас гадна монголын уран нугаралтыг гадаад улсын сурагчдад зааж, сургаж эхэлсэн юм.
Америк болон Европын орнуудад уран нугаралт гэдгийг мэддэггүй байсан үед монголын уран нугараачид анхны сургуулиудыг байгуулж, америкийн хотуудаар уран нугаралтын урлагийн үрийг тарьж эхэлснээс хойш 30 жил өнгөрчээ.
Энэ хугацаанд Флорида, Миннесота, Сан Франциско, Чикаго, Лас Вегас зэрэг хотуудад монголын уран нугаралтын сургуулиуд бий болсон байна.
Цирк хувьчлагдсанаас хойш монголын уран нугараачид 30-аад студи, төвүүдэд хуваагдаж, задарсан байна. Мэргэжлийн жүжигчдийн ихэнх нь олон жилээр гэрээ хийгээд гадаад руу явчихдаг. Монголд дандаа сурагчид маань үлдчихсэн энд тэнд тархай бутархай болчихсон байна. Хуучин бид улсын цирктэй байхад сургалт явагддаг, бие биеэсээ суралцаж нэг дор байдаг байлаа.
Иймд америкт байгаа сурагчдадаа монголд байгаа сурагчидтайгаа уулзуулах, туршлага судлуулах зорилгоор энэ наадмаа монгол улсдаа зохион байгуулах гэж байна" гэв.
Тоглолтын өдрүүдэд зөвхөн тоглолтоос гадна монгол болон гадаад уран нугаралтын багш нар бие биеийнхээ заах арга зүйтэй танилцах, үзүүлэх сургалт хийж хамтран сургуулилалт хийх зэрэг үйл ажиллагаанууд болох аж. Мөн уран нугаралт цаашид яаж хөгжих, уран нугараачдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн анхаарах зэрэг сэдвээр сургалтууд болох юм байна.