Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр буюу Мягмар гарагт Украины төв бүсийн Полтава хотын цэргийн академи Оросын хоёр баллистик пуужингийн цохилтод өртөх үеэр 51 хүн алагдаж, 271 хүн шархадсан нь энэ оны хамгийн олон хохирогчтой нэг удаагийн агаарын халдлага болсон байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү цохилтын хариуцлагыг Оросын түрэмгийлэгчдээр хүлээлгэхээ амлаад холбогдох албаныхандаа мөрдөн шалгах үүрэг өгчээ.
Албаныхан амь үрэгдсэн хүний тоог 50 болон 51 гэж хоёр өөрөөр мэдээлсэн байна. Пуужингийн цохилтод өртсөн Батлан Хамгаалахын Харилцаа Холбооны Академийн барилгын нуранги дор дахиад 15 хүн байж магадгүйг Полтава мужийн захирагч Филип Пронин мэдээлжээ.
Украины хуурай замын зэвсэгт хүчний төлөөлөгч амь үрэгдсэн хүмүүсийн дунд цэргийн алба хаагч байсныг баталсан ч тоог нь хэлээгүй байна.
Олон зуун километрийн зайг хэдхэн минутын дотор туулдаг баллистик пуужингийн цохилтоос хохирогчид зугтах хугацаа байгаагүйг Украины гадаад хэргийн яам мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд Оросын арми Украины хотуудыг чиглэсэн агаарын довтолгоонуудаа эрчимжүүлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Украины олон хот дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилтыг амссан. Даваа гарагт нийслэл Киев хот Оросын баллистик болон далавчит пуужингуудын цохилтод өртөж байв.
Хариуд нь Украины зэвсэгт хүчин 158 нисгэгчгүй онгоцоор Оросын газар нутгийн гүнд довтолж, Москва орчмын цахилгаан станц, газрын тосны үйлдвэрүүдэд хохирол учруулсан билээ.
Өчигдөр Украины ерөнхийлөгч Зеленский нийлүүлсэн алсын тусгалын зэвсгээр нь Оросын газар нутгийн гүнд довтлох зөвшөөрөл өгөхийг Өрнөдийн холбоотнуудад дахин уриалсан байна.
“Энэ терроризмыг зогсоох хүч чадал бүхий дэлхийн бүх улсуудад бид дахин дахин хэлж байгаа. Хаа нэгтээ агуулахад хэвтэж буй агаарын довтолгооноос хамгаалах системүүд, пуужингууд чинь Украинд хэрэгтэй байна. Оросын терророос биднийг хамгаалах алсын тусгалын цохилтууд дараа биш, яг одоо хэрэгтэй байна. Харамсалтай нь хойшилсон өдөр бүр олон хүний амь настай тэнцэж байна” гэж тэр мэдэгджээ.
Полтава хот нь нийслэл Киевээс зүүн өмнө зүгт 300 км, Оросын хамгийн ойр хилээс 120 км зайтай оршдог.
Хотын 150 орчим оршин суугч шархадсан хүмүүст цусаа хандивласныг мужийн захирагч Пронин мэдээлжээ. Тус мужид гурван өдрийн гашуудал зарласан байна.
Академийн сонсогчид хичээлдээ сууж байх үед өглөөний 9:08 цагт агаарын түгшүүр зарлажээ. Үүнээс хойш хэдхэн минутын дараа дэлбэрэлт болсныг Украины батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Дмитро Лазуткин мэдээлсэн байна.
Оросын тал фронтын шугамаас хол зайд байгаа Украины цэргийн байгууламжуудад өмнө нь бас агаараар довтолж, их хэмжээний хохирол учруулж байсан.
2022 оны тавдугаар сард Десна тосгоны ойролцоох нөөц хүчний сургалтын талбайд довтлох үеэр 87 хүн алагдаж байв. Тухайн оны гуравдугаар сард Украины баруун хэсэгт оршдог цэргийн бааз пуужингийн цохилтод өртөхөд 35 хүн алагдаж байжээ.
Эх сурвалж: Reuters