Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 28-нд болж, Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Ү.Анарт 65 сая төгрөг олгохоор болсон. ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн тул ийнхүү шагнахаар болсон билээ. Түүхэн амжилт бүтээсэн түүний түүхийг өгүүлье.
Олон улсын “А” зэрэглэлийн уралдаан дэлхийд маш цөөхөн бий. Спортоор зүйрлэвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг. “А” зэрэглэлд багтдаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар гранпри хүртэхэд монголчууд урлагийн олимпын аваргатай боллоо хэмээн баярлаж байлаа. УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужин олон улсын “А” зэрэглэлийн уралдаанаас медаль хүртэхэд түүнд 23-хан насанд нь гавьяат жүжигчин цол олгож байсан. Үүнээс “А” зэрэглэлийн олон улсын уралдааны ач холбогдлыг танин мэдэж болно.
Тэгвэл хүүхдүүд болон насанд хүрэгчдийн дунд, дөрвөн үе шаттай зохион байгуулсан “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн “А” зэрэглэлийн уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн 9в ангийн сурагч Ү.Анар сонгодог бүжгийн жуньор ангилалд алтан медаль, орчин үеийн бүжигчний төрөлд (насны ангилал байхгүй) алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит диплом хүртсэн нь бахдахгүй байхын аргагүй амжилт юм.
Тэрээр Аравхан насандаа 47 кг жинтэй, сахилгагүй, хичээлдээ тааруу, үргэлж асуудал таригч нэгэн байжээ. Түүнийг эрдэм ном сурахгүй гэдэгт ээж, эмээ хоёр нь бат итгэсэн. Тиймээс тавдугаар ангиа төгсөнгүүт лам болгохоор шийдэж байсан аж. Харин энэ сонголтонд Ү.Анар дургүй байсан тул уйлж зугтаасаар өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, балетын бүжигчин болохоор “G river ballet school”-ийн үүсгэн байгуулагч С.Ганбат багш дээрээ очсон байна. Хэт илүүдэл жинтэй, майга хөлтэй түүнийг маш сайн дасгалжуулсны дүнд ердөө сарын дотор 15 кг хасаж, биеийн харьцааг өөрчилж чаджээ.
Монгол Улсын консерваторын сонгодог бүжгийн ангид орох л хүүгийн хүсэл байсан тул өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө сургуулиасаа нэг жилийн чөлөө авч, хоёр жилийн турш үүний төлөө бэлдсээр 2020 онд элсэн орж чаджээ. Түүнийг анх сургуульдаа ороход мэргэжлийн багш нь “Хэрвээ чи энэ сургуульд элссэн л бол ерөнхий эрдэм, мэргэжлийн хичээл хоёрынхоо аль, алиныг хаяж болохгүй. Мэргэжлийн хичээлдээ сайн байгаад ерөнхий эрдэмдээ муу байвал сургуулиас хасна. Ерөнхий эрдмийн хичээлүүддээ сайн байж, мэргэжлийн хичээлдээ муу байвал бас л сургуулиас хасна” хэмээж. Ахиад л хичээхээс өөр аргагүй болсон байна. Одоо тэр ангийн хүүхдүүд дундаа онц сурлагатны тоонд ордог. Тэмцээн, уралдаан, тоглолтын бэлтгэл зэргээс шалтгаалан хичээлээсээ хоцордог ч цаг тухайд нь хичээлээ нөхөж авна.
“Урлаг өөрөө ёс зүй, хүмүүжил, хатуужлыг бий болгодог” хэмээх Ү.Анарын ирээдүйд зорьж буй зүйл нь дэлхийн алдарт балетчин болох. Тэр дундаа дэлхийд номер нэг балетчин. Өөрөө дэлхийд алдартай болж, өөрөөрөө дамжуулан Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргахыг хүсдэг аж.
Түүний төлөө гэдэг бүхий л багш нарынхаа хэлсэн үгийг дандаа бодож, “Байнга хөдөлмөрлө. Битгий биеэ хая. Хийж байгаа зүйлээ төгс гүйцэтгэж дуусга” гэсэн нь үргэлж түүнд сонстоно. Ү.Анарыг лам болгоно хэмээж байсан ээж, эмээ хоёр нь бэлтгэл, сургуулилт, тоглолт зэрэг бүхий л зүйлд хамт байж, түүнийг дэмжин амжилтыг нь хамт бүтээж явна.