Монголын хилээр хууль бусаар гарахыг завдсан Вьетнам иргэнд 1 жилийн хорих ял оноолоо

Монголын хилээр хууль бусаар гарахыг завдсан Вьетнам иргэнд 1 жилийн хорих ял оноолоо

Монголд олон жил ажиллаж, амьдарсан БНСВУ-ийн иргэн захирлаасаа гадаад паспортоо авч чадаагүйн улмаас нутаг буцахын тулд хилээр хууль бусаар нэвтрэн гарахыг завдсан хэрэг гарчээ.

Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Н.В.Х нь 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн дугаар тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарахыг завджээ.

Иймд тухайн этгээдийн уг хууль бус үйлдлийг хилчид илрүүлж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн аж. Хэрэг явдал гарсан шөнө үүрэг гүйцэтгэж байсан хилчид хяналтын камерын тусламжтайгаар тухайн этгээдийг явганаар хил гарахаар гүйж явахад нь илрүүлсэн байна. 

Гэмт этгээд “Би Монгол Улсад ажиллаад олон жил болсон, тэгээд мөнгө хангалттай олох зорилгоор Монгол Улсын хилийг хууль бусаар гарах гэж явсан. Монгол Улсад амьдардаг Вьетнамчууд бүгдээрээ гадаад паспортоо захиралдаа өгдөг, өөртөө паспортоо авч явдаг Вьетнам ажилчин байдаггүй. Тэгээд T захиралд миний гадаад паспорт байгаа гэдгийг баталгаатай мэдэж байсан ч асуухаас айсан, намайг явуулахгүй байх гэж бодоод паспортгүй ч гэсэн БНХАУ-аар дамжин В руугаа буцъя гэж бодсон.

БНХАУ-аас В руу яаж явах талаар бодоогүй. Монгол Улсаас л гарахыг л бодож байсан. Тэгээд сүүлд ажиллаж байсан засварын газраас 1 сарын өмнө нь замын машинд гар өргөж суусан, тооцоогоо бэлнээр хийсэн. Улаанбаатар хотод яг хэзээ ирснээ санахгүй байна, ямартай ч ирсэн хойноо T захиралтай утсаар холбогдож байсан. Улаанбаатар хотод ирээд Гандантай ойрхон байдаг K-д ганцаараа 5-6 хоносон, тооцоогоо өөрийн хаан банкин дахь .... дугаарын данснаас шилжүүлсэн. Өдрийн 130,000 төгрөгөөр бодож тооцоогоо хийж байсан. Буудлаас гараад замаас такси бариад тэр такситайгаа шууд З рүү явсан. Төлбөр нь 500,000 билүү 600,000 төгрөг болсон ба бэлэн мөнгөөр төлсөн. Би анх хөдөө байдаг засварын газраас гарахдаа биедээ нийт 1,000,000 төгрөгтэй байсан. Дансандаа бага мөнгөтэй байсан. 2024 оны 11 сарын 08-ны орой З-д очоод 1 хоноод маргааш өглөөнийх нь буюу 2024 оны 11 сарын 09-ний өглөө Замын-Үүдийн эргэн тойрноор нь алхаж ажиглаж байгаад тус өдрийнхөө орой 18 цаг өнгөрөөгөөд хилийн бүс рүү алхаж эхэлсэн. Тэгээд 20 цагийн үед баригдсан. Тас харанхуй болсон байсан болохоор хилийн тор хаана байгааг ч мэдээгүй, урагшаа алхаж байгаад л баригдсан. Google map-аас харж байгаад тухайн газраар хил нэвтрэхээр шийдсэн, хэн нэгэн надад зааж өгсөн, тусалсан асуудал байхгүй...” хэмээн шүүхэд мэдүүлсэн байна. 

Улмаар тус этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна. 

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйл.Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх

1.Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.бүлэглэж;
  • 2.2.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд