Ц.ТӨРХҮҮ: ЭВГҮЙ ҮНЭР ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРААГҮЙ

Ц.ТӨРХҮҮ: ЭВГҮЙ ҮНЭР ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРААГҮЙ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын зарим хэсэгт таагүй үнэр үнэртэж байна гэсэн иргэдийн гомдол нэмэгдэв. Энэхүү эвгүй үнэрийн эх үүсвэрийг тодорхойлох ажил хийгдэж байгаа эсэх, үнэрийн гарал үүсэл, тархалтын талаар нарийвчилсан судалгаа хийж буй талаар Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүүгээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Тэрээр:

-Эвгүй үнэртэй холбоотой анхны дуудлага Налайх дүүргээс ирсэн. Үүний дараа Зайсан орчмоос, мөн 120 мянгат дахь Таванбогдын оффисын ойролцоо таагүй үнэр үнэртэж буй талаар мэдээлэл ирсэн. Олон нийтийн дунд Төв цэвэрлэх байгууламжаас үнэр гарч байгаа гэх таамаг яригдаж байгаа. Гэвч тус байгууламж нь 22-ын товчоонд байрладаг. Дээр дурдсан байршлуудтай 30 гаруй км-ийн зайтай байдаг. Цэвэрлэх байгууламжийн ойр орчмоос үнэр үнэртэж байгаа талаар ямар нэгэн дуудлага ирээгүй. Тухайн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй. Яг үнэр хаанаас гарч байгааг тодорхой мэдсэн зүйл алга.

Нийслэлийн бохир усыг хүлээн авдаг шинэ цэвэрлэх байгууламж энэ жил ашиглалтад орно. Тус байгууламж 250 мянган метр куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Мөн лаг хатаах, шатаах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлд үүсдэг бохирын үнэрийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэчих байх.

Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос хойш ашиглагдаж байгаа лагийг гадаа талбайд хатаах аргыг ашиглаж ирсэн. Харин шинэ байгууламж бүрэн ашиглалтад орсноор лагийг шатаах технологи нэвтрүүлж, бохир усны боловсруулалтыг илүү үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Ийнхүү хоёр жилийн дотор энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж тооцоолж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд