Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.
2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.
Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.
Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.
Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.