Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн оршуулах ёслол өнөөдөр /2024.03.01/ Москва хотод болно. Орон нутгийн цагаар 14:00 цагт Навальныйн амьдарч байсан Марьино дүүрэг дэх сүмд оршуулах ёслол болох бөгөөд дараа нь Борисовын оршуулгын газарт түүнийг оршоох аж.
Шарилыг сүм хүртэл хүргэхийн тулд Пүрэв гаригт оршуулгын машин хөлслөх гэсэн боловч Навальныйн багийнхан бэрхшээлтэй тулгарчээ. "Оршуулгын машины жолооч нарыг үл таних хүмүүс дуудаад, Алексейн цогцсыг хааш нь ч зөөхгүй гэж хэлсэн" тухай Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдлээ.
Түүнчлэн Москвагийн цагдаа нар сүмийн гадаа төмөр хашаа хүртэл байрлуулсан байжээ. Өнөөдөр сүмийн гадаах хамгаалалтын төмөр хашаануудыг ажилчид буулгаж, хураасан байна.
Навальныйн эхнэр Юлия Навальная хэлэхдээ "Путин болон Москва хотын дарга Сергей Собянин нар оршуулах ёслолыг зогсоохыг оролдож байна. Бид ямар ч онцгой үйлчилгээ хүсээгүй. Алексейтэй эгэл жирийнээр салах ёс гүйцэтгэх боломжийг хүмүүст олгооч" гэжээ.
Оршуулах ёслолыг зохион байгуулах газрыг хайж байгаагаа Кира Ярмыш өмнө нь мэдэгдэж байсан. "Бид бараг ихэнх хувийн болон олон нийтийн оршуулгын танхимуудтай холбогдсон. Зарим газар нь сул цаг байхгүй гэнэ. Зарим нь Навальный гэж нэрийг дурсахаас татгалзсан. Бидэнтэй хамтарч ажиллахгүй гэж шууд татгалзсан газар ч байна" гэж Кира Ярмыш хэлж байв.
Навальныйн багийнхан анх оршуулах ёслолыг Пүрэв гаригт хийхээр төлөвлөж байжээ. Гэвч булш ухах ажилчид олдохгүй байгааг Навальныйн Авлигатай тэмцэх сангийн захирал Иван Жданов Лхагва гаригт хэлсэн байна.
Эх сурвалж: CNN