Владимир Путин 87 гаруй хувийн санал авч ялалт байгууллаа

Владимир Путин 87 гаруй хувийн санал авч ялалт байгууллаа

ОХУ-д Ерөнхийлөгчийн срнгууль явж дууслаа. Сонгуулийн төв хорооны мэдээллээр Владимир Путин Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 87 гаруй хувийн санал авч, 77 гаруй хувийн ирцтэйгээр ялалт байгууллаа.

Барууныхан энэ сонгуулийн анхнаасаа ойлгомжтой, үр дүн нь нэгэнт тодорхой байсан хэмээн үзэж байна. Герман улс энэ санал хураалтыг "цензур, хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл дээр суурилсан дарангуйлагч засаглалын үеийн хуурамч сонгууль" гэж тодорхойлжээ.

Тус улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Оросын төрийн тэргүүн Путинд баяр хүргэхгүй гэдгийг  хэвлэлийн төлөөлөгч нь уламжилжээ. Францын Гадаад хэргийн яам “Чөлөөт, олон ургальч үзэлтэй, ардчилсан сонгууль явуулах нөхцөл хангагдаагүй” гэж мэдэгдээд “олон улсын хараат бус ажиглалтгүйгээр” болсон гэж мэдэгдэв. Польшийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ “Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны, чөлөөт, шударга гэж үзэх боломжгүй. "Санал хураалт нь хүн амын эсрэг хатуу хэлмэгдүүлэлтийн нөхцөлд болсон тул ардчилсан чөлөөт сонголт хийх боломжгүй болгосон" Хэлмэгдүүлэлтийн сэдвийг Их Британийн Гадаад хэргийн сайд лорд Дэвид Камерон мөн хөндсөн байна.

“Путин улс төрийн өрсөлдөгчөө устгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, дараа нь өөрийгөө ялагчаар өргөмжилдөг. Энэ бол ардчилал биш" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис ОХУ-д болсон сонгуулийг ардчилсан хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж болохгүй гэж хэлээд Вильнюс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгааг онцоллоо. “Энэ бол ардчилсан сонгууль биш, харин дарангуйлагч эрх мэдлээ баталгаажуулах зан үйл юм. Оросын сонгууль шударга ч биш, чөлөөт ч биш” гэж Эстонийн Гадаад хэргийн яам мэдэгдэв. Европын холбоо ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ЕАБХАБ-ын ажиглагчид оролцоогүйд харамсаж байгаагаа илэрхийлж, санал хураалтыг “хатуу хязгаарлалтан дор болсон” гэж шүүмжилсэн байна. Холбогдох мэдэгдлийг ЕХ-ны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррелл нийтлэв. Гэхдээ түүний мэдэгдлээс ЕХ ОХУ-д болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга харагдахгүй байна. "Сонгууль улс төрийн улам нарийсч буй орон зайд болж, иргэний болон улс төрийн эрхийг зөрчигдөх явдал аймшигтайгаар нэмэгдэж, олон нэр дэвшигчид, тэр дундаа Оросын Украинд явуулж буй түрэмгий дайныг эсэргүүцэж байсан бүх нэр дэвшигчид сонгуульд оролцоход саад болсноор Оросын иргэдийн  хүссэн сонголт хийх эрхийг нь хасаж, бодит  мэдээлэл авах боломжийг нь эрс хязгаарласан” гэж мэдэгдэлд дурджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Ноён Путин улс төрийн өрсөлдөгчөө шоронд хорьж, бусдыг нэр дэвшихэд нь саад учруулсан тул энэ сонгууль чөлөөт ч биш, шударга ч биш" гэж мэдэгджээ. Владимир Путинд Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт байгуулсанд нь хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг нь БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун байв. Түүнтэй зэрэгцэн  Азербайжан, Абхаз, Алжир, Боливи, Беларусь, Венесуэл, Гондурас, Иран зэрэг орны удирдагчид, Бурунди улсын Үндэсний ассамблейн дарга  баяр хүргэжээ Түүнчлэн Энэтхэг, Хятад, Турк, Катар, Кувейт, АНЭУ, Казахстан, Киргизстан, Куба, Мьянмар, Мали, Никарагуа, Пакистан, Сири, Серби, Саудын Араб, Тажикистан, Узбекистан, Йемен зэрэг улсын төрийн тэргүүнүүд баяр хүргэсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд