Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японы хойд хэсгийн Иватэ болон Аомори мужид өнөөдөр /2024.04.02/ орон нутгийн цагаар 04:24 цагийн орчимд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Номхон далайн эрэг дагуух Иватэ мужийн хойд эрэг орчимд, 71 километрийн гүнд байжээ. Мөн цунамийн сэрэмжлүүлэг зарлаагүй аж.
Японд газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг Иватэ болон Аомори орчимд тав гэж үнэлжээ.
Дашрамд дурдахад, Токиогийн зүүн хэсэгт орших Чиба мужид ойрын хугацаанд хэд хэдэн удаа газар хөдлөлт болохыг Японы Цаг уурын агентлаг өнгөрсөн сард анхааруулж байсан. Энэ нь эрэг орчимд тектоник хавтангийн гулсалт илэрсэнтэй холбоотой. Тектоник хавтангийн гулсалтын байршлыг нарийвчилбал, Японы эх газрын хавтан ба Филиппиний тэнгисийн хавтангийн зааг дээр Босо хойг орчимд юм. Албаныхны мэдээлснээр хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн царцдасын хэвийн бус хөдөлгөөн илэрсэн байна.
Тухайн бүс нутагт сүүлийн үед болсон газар хөдлөлтүүдийн хүчийг харгалзан үзвэл цаашид хүчтэй газар хөдлөх магадлалтайг Цаг уурын агентлагаас анхааруулжээ. Газар хөдлөлтийн хүч 5.0 магнитудаас давсан тохиолдолд хүмүүс ямар нэг тогтвортой, хөдөлгөөнгүй зүйлээс барих шаардлагатай болж, тавиур дээр байгаа эд зүйлс унадаг.
Эх сурвалж: NHK