ХУАЛЯНЬ ХОТОД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 9 ХҮН НАС БАРЖЭЭ

ХУАЛЯНЬ ХОТОД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 9 ХҮН НАС БАРЖЭЭ

Өчигдөр өглөө Тайванийн арлын зүүн эргийн ойролцоо хүчтэй газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо ес болж, мянга гаруй хүн бэртэж гэмтжээ. Байгалийн гамшигт хамгийн их гарз хохирол амссан Хуалянь хотод 20 орчим барилга нурсан байна. Орон гэрээ алдсан хүмүүс өнгөрсөн шөнийг майхан, түр орогнох байруудад хоноглож өнгөрөөжээ. 

Аврагчид уул уурхайн бүс болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гацсан зуу гаруй хүнийг аврахаар ажилласаар байна. Тэдгээр хүмүүсийг эсэн мэнд байгаа гэсэн итгэл найдвар байгаа ч холбоо тогтоож чадахгүй байгаа юм. Уул уурхайн бүсэд 80 орчим уурхайчин, Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочид буудлын 50 орчим ажилчин гацжээ. 

Энэ долоо хоногийг дуустал газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдэнэ гэдгийг газарзүйн судалгааны газрууд анхааруулсаар байна. Газар хөдлөлтийн дараах түлхэлт чичирхийллийн хүч ойролцоогоор 6.5-7 магнитудад хүрнэ гэж таамаглаж байгаа юм. Тиймээс иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд уулархаг эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхааруулжээ. 

Тайванийн дараагийн удирдагчаар сонгогдоод байгаа Лай Чинтэ газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Хуалянь хотод очсон байна. Тэрээр нэн тэргүүний чухал асуудал бол барилга, хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг аврах юм гэдгийг хэлжээ. 

Тайванийн эрх баригчид хүнд хэцүү цагт сэтгэл зовнин тусламж илгээж байгаа Япон, Парагвай зэрэг холбоотон, дотнын анд нөхдөдөө талархал илэрхийлж байна. АНУ-ын Засгийн газар шаардлагатай бүх зүйлээр туслахад бэлэн гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд