Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын цэргийн алба хаагчид хүн амины ял хэргээр сонссон тохиолдол 2023 онд эрс өссөнийг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Тодруулбал, 2023 онд 116 орос цэрэг хүн амины хэргээр ял сонссон нь өмнөх оноос бараг 900 хувь өссөн үзүүлэлт юм. 2022 онд ердөө 13 цэрэг ял сонссон.
Халагдсан дайчид болон ахмад дайчдын хувьд хүн амины хэрэг үйлдэж буй нь дайнтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэж үзэж байна. Дайны талбарт үүссэн сэтгэл зүйн гэмтэл, хүчирхийлэлд мэдрэг бус болсон зэрэг нь мөргөлдөөн дууссаны дараа удаан хугацаанд үргэлжилдэг. Үүн дээр нэмээд архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь асуудлыг улам хурцатгаж байгаа аж. Түүнчлэн сайн дураараа алба хаах замаар эрх чөлөөгөө баталгаажуулж байсан ялтнууд иргэний амьдралд эргэн ирсэн нь гэмт хэргийн гаралт нэмэгдэх томоохон хүчин зүйл болж байна.
"Торны цаадах Орос" байгууллагын тэргүүн Ольга Романовагийн мэдээлснээр "Вагнер групп", "Storm Z" зэрэг цэргийн ангиудад алба хааж байсан 15 мянган хоригдол өршөөлөөр бүрэн суллагдаж, энгийн иргэний амьдралаар амьдарч эхэлсэн аж.
Чанга дэглэмтэй хоригдож байсан маш олон ялтан Украинд байлдахыг зөвшөөрсөн тохиолдолд эрх чөлөөтэй болно гэсэн нөхцөлтэйгөөр суллагдсан байна.
"Нью-Йорк Таймс" сонин олон тохиолдлыг эш татан, дэлгэрэнгүй бичжээ. Тухайлбал, "Вагнер"-ын ангид алба хааж байсан ялтан цэрэг өндөр настай эмэгтэйг хөнөөж, хүчирхийлсэн хэргээр 22 жилийн хорих ял сонссон байна. Мөн давтан гэмт хэрэгтэн Виктор Саввинов энэ оны эхээр Украинд алба хааж байгаад өршөөгдөж, төрөлх тосгондоо буцаж ирэхдээ согтуугаар хоёр хүний амийг хөнөөжээ.
Ерөнхийлөгч Путин өнгөрсөн жил өршөөлд хамрагдсан ялтнуудыг сулласныхаа дараа тэдэнд дахин гэмт хэрэг үйлдэх магадлал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ сөрөг үр дагавар нь маш бага гэж тэр онцолжээ. ОХУ хүн хүчээ нэмэгдүүлэхийн тулд гуравдугаар сард маш олон хоригдлыг тулааны талбарт дайчилсан. Ингэснээр зарим шорон эзгүйрч, хаагдахад хүрчээ. Кремль өдгөө эмэгтэй ялтнуудыг цэрэгт элсүүлэх арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER