Иргэд хугарсан ясаа эдгээх гээд долоон айлын тогооны ХӨӨ УУЖ байна

Иргэд хугарсан ясаа эдгээх гээд долоон айлын тогооны ХӨӨ УУЖ байна

Хагалгаа амжилттай болбол лам багшийн ач, хагалгаа тааруухан болбол эмчийн буруу болдог" ийм л мухар, сохор сүсэгт Монголчууд хэдийнэ автжээ. Найман настай балчираас наян настай буурал хүртэл лам, бөөг өвчин анагаагч, ажил бүтээгч шидтэн гэж шүтэцгээнэТухайлбал, гурван сарын өмнө нэг эмэгтэйн хамар дээр хатиг гарахад эмч дээр очилгүй лам, бөө дээр очоод сэтгүүрээр ухаж нээлгэсэн байгаа юм. Гэтэл тухайн эмэгтэйн хамрын үзүүр таславчийн мөгөөрсөн хэсэг үхжсэн талаар нэгэн эмч халаглан бичсэн байдаг.

Монголчуудын мухар сүсэг нь мэдлэг, боловсролгүйн үр дүн гэж мэргэжлийн судлаачид, сэтгэлзүйчид хэлж буй.

"Анхнаасаа лам биш эмч дээр ирэхгүй яав даа. Биеэрээ тоглуулчихлаа"

 

"Ариун лотус" сэргээн засах төвийн тасгийн эрхлэгч Э.Ганзориг "Хүмүүс хөл, гараа хугалчхаад лам дээр очоод улаан утас зүүчихдэг. Ингэлээ гээд хугарсан яс нийлэхгүй шүү дээ. Хоёр, гурван сарын дараа эмч дээр ирэхэд хугарсан яс нь буруу боройлсон, үрэвсэл их явагдсан, холбоос нь тасраад тогтворгүй байдал үүссэн байх жишээний. Нэг бол ламын хэлснээр улаан утас зүүж явсаар байгаад үеийн хөшингө их үүсдэг. Хөл гар нь хөдөлж чадахаа больчихсон, шулуун тэнийхгүй, нугалж чадахгүй болдог. Эдгээр хүмүүс буцаад эрүүл болтлоо ахиад 4-5 сар эмнэлгээр явдаг. Тэр хэрээр цаг хугацаа, мөнгө зарцуулна. Сүүлдээ өөрөө ч хямарна. "Анхнаасаа лам биш эмч дээр ирэхгүй яав даа. Биеэрээ тоглуулчихлаа" гэж их хэлдэг. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул.

Хүмүүс хугарсан ясаа эдгээнэ гээд гэртээ өөртөө дур мэдэн эмчилгээ хийж тарвагны ясыг хатааж байгаад нунтаглаж уудаг, тарвагны элэг, бөөр иддэг, долоон айлын тогооны хөө ууж байна.

Уг нь кальци болон витамин Д, алтангагнуурын ханд уух ёстой байтал нэмэлтээр амьтны гаралтай юм хэрэглэх болсон. 2023 оны судалгаанаас харахад баавгай, тарвага хэрэм зэрэг ичдэг төрлийн амьтад өөрсдөө ясаа маш хурдан нөхөн төлжүүлдэг юм байна лээ. Харин хүн удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахих тусам яс нь илүү хурдан сийрэгждэг. Тарваганы эд эрхтэн хүний биед сайн гэдгийг ямар ч шинжлэх ухаан тогтоогоогүй. Үүнээс харахад иргэд амнаас ам дамжсан зүйлсийг дур мэдэн хэрэглэдэг. Ер нь хүмүүс сэргээн засах эмчид хандахаас илүүтэй бариач дээр очдог болсон. Гэхдээ уламжлалтын бариач нар ясны хугарлыг эмчилнэ гэж байхгүй.

Тухайн хүний ясны хугарлын зөрүү, цууралтын аль болохыг нь мэдэхгүй байж шууд бариа хийгээд боолт хийгээд явуулчихдаг. Уг нь гэмтлийн дараа бариа хийхийг хориглодог.

Иргэд сэргээн засах эмчилгээнд явж байна гээд бариачаар яваад булчингууд нь улам гэмтдэг. Тэгэхээр эмчилгээгээ зөв сонгох хэрэгтэй. Хөдөлгөөн засал, сэргээх засах эмчилгээ бол маш том салбар. Анагаах ухааны суурь мэдлэггүй хүмүүс 15 хоногийн сургалтад суугаад л бариач болчихдог. Хүний биеийн анатоми мэдэхгүй хүмүүс ашгийн төлөө хүмүүсийн биеэр тоглоод байна. Үүнд эмч хүний хувьд их харамсаж явдаг. Тиймээс иргэдэд бэртэж гэмтсэн бол лам, бариачаар явалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна" гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд