Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэрийнхээ амийг бүрэлгэсэн хэргээр шүүхээс 24 жилийн хорих ял сонслоо. 44 настай Куандык Бишимбаевыг бусдыг эрүүдэн шүүж, хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ.
Шүүх хурлыг долоон долоо хоногийн турш шууд дамжуулсан. Эрх баригчид болон дээдсийн хүрээллийнхэн хуулиас дээгүүр байдаг цаг өнгөрсний илрэл нь түүний шүүх хурал болсон гэж олон нийт үзэж байна. Шүүх хурлын үеэр Бишимбаевын эхнэрээ зодож, цохиж буй бичлэгийг үзүүлсэн. Мөн түүний гар утаснаас 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн бичлэг олдсон байна. Тухайн бичлэгт Бишимбаев эхнэр Салтанат Нукеновойг хэдэн цагийн турш хүчирхийлсэн нь баримт болон үлджээ.
Казахстан улс өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийг баталсан. Уг хуулийг баталхад Бишимбаевын хэрэг түлхэц болжээ. Казахстанд зургаан эмэгтэй тутмын нэг нь эрэгтэй хүний хүчирхийлэлд өртдөг гэсэн мэдээлэл байдаг.
Шүүх хурлын үеэр Бишимбаев эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч зарим гэмтлийг эхнэр нь өөрөө өөртөө учруулсан гэж хэлжээ. Мөн эхнэрээ эрүүдэн шүүсэн гэдгээ, алахаар төлөвлөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй.
Куандык Бишимбаев 2016 оны 5-12 сарын хооронд Эдийн засгийн сайдаар ажиллажээ. Тэрбээр 2018 онд хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж, 10 жилийн хорих ял сонссон ч өршөөлд хамрагдаж гурван жил хүрэхгүй хугацааны дараа суллагдсан юм.
Эх сурвалж: REUTERS