Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын батлан хамгаалах яамны боловсон хүчний газрын дарга, дэслэгч генерал Юрий Кузнецовыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ.
Түүний гэрт нэгжлэг явуулахад нэг сая гаруй ам.доллартай тэнцэх гадаад валют бэлнээр, алтан зоос, бугуйн цагны цуглуулга зэрэг үнэт эдлэлүүд илэрсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Кузнецовыг бизнесийн байгууллагад ямар нэг ашигтай боломж олгосныхоо хариуд хээл хахууль авсан гэж сэжиглэж байгааг ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко өчигдөр сошиал хуудсаараа мэдээлжээ.
Хоёр хоногийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн шадар хүн болох батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр мөрдөгчид түүний орлогч Тимур Ивановыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан юм.
Кузнецов өнгөрсөн оны тавдугаар сард одоогийн албан тушаалдаа томилогдож байжээ. 2010 оноос хойш сүүлийн албан тушаалд томилогдох хүртлээ тэр ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын наймдугаар газрын даргаар ажиллаж байсан юм.
Уг газар нь батлан хамгаалах яамны нууц мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй байдаг.
Зарим эх сурвалжууд түүнийг өмнөх албан тушаалтай холбоотой хэргийн улмаас баривчлагдсан гэж мэдээлж байна.
Оросын арми Украины дайнд богино хугацаанд ялалт байгуулж чадаагүй нь батлан хамгаалах яаманд үүрлэсэн авлига, хээл хахуультай холбоотой гэж ажиглагчид үздэг.
Путин батлан хамгаалахын сайдын албан тушаалд 65 настай эдийн засагч Андрей Белоусовыг томилсон нь зэвсэгт хүчний санхүүгийн үр ашигтай байдлыг сайжруулж, гурав дахь жилийнхээ нүүрийг үзээд буй Украины дайныг цааш тогтвортой үргэлжлүүлэх зорилготой холбоотой гэж үзэж байна.
Эх сурвалж: Коммерсанть