Энэтхэгийн шүүх согтуу жолоо бариад хоёр хүний аминд хүрсэн өсвөр насны хүүхдэд эссэ бичих шийтгэл оногдуулжээ

Энэтхэгийн шүүх согтуу жолоо бариад хоёр хүний аминд хүрсэн өсвөр насны хүүхдэд эссэ бичих шийтгэл оногдуулжээ

Өнгөрсөн Ням гарагт Энэтхэгийн Пуна хотод 17 настай залуу согтуугаар Porsche автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа мотоциклтэй хоёр хүний амийг дайрч хөнөөсөн хэрэг гарчээ.

Гэтэл орон нутгийн шүүх уг залууд 15 өдөр нийтэд тустай ажил хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын сэдвээр эссэ бичих шийтгэл оноосон нь Энэтхэгийн олон нийтийг бухимдуулсан байна.

“Шүүхийн шийдвэр иргэдийг бухимдуулж байна. Хүүг 17 нас, 8 сартай гэж цагдаа нар мэдээлсэн. Энэ бол жигшүүрт гэмт хэрэг мөн. Насанд Хүрээгүй Хүмүүсийн Хууль Зүйн Зөвлөл ийм шийдвэр гаргасанд гайхаж байна” гэж Махараштра мужийн ерөнхий сайдын орлогч Девендра Фаднавис мэдэгджээ.

2015 онд Энэтхэг улс насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргийн хуулиа шинэчлэхдээ онц ноцтой хэрэг үйлдсэн 16-аас дээш настнуудад насанд хүрэгчидтэй адил шийтгэл оноохоор болсныг энэ тохиолдолд хэрэгжүүлэх ёстой гэж тэр үзэж байна.

Ийм үндэслэлээр Фаднавис шийдвэрээ дахин нягтлах хүсэлтийг Хууль Зүйн Зөвлөлд гаргажээ.

Осол гаргасан хүүгийн аавыг автомашинаа хүүхдэд ашиглуулсан шалтгаанаар баривчилсан юм байна. Энэтхэгт автомашины жолоо барих насны доод босго 18 байдаг.

Мөн хүүд согтууруулах ундаагаар үйлчилсэн гурван хүнийг саатуулан шалгаж эхэлжээ.

Пуна хотын цагдаагийн газрын дарга Амитеш Кумар “Бид уг хэрэгт онцгой анхаарал хандуулж, шударга ёсыг тогтоож, гэмт хэрэгтэнд зохих ёсны шийтгэл оногдуулахын тулд бүх арга хэмжээг авах болно” гэж мэдэгдсэн байна.

Уг хэрэг сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээний гол сэдвүүдийн нэг болоод байгаа.

Энэтхэгийн гол сөрөг хүчин болох Үндэсний Конгресс намын дарга Рахул Ганди “Баян айлын 16-17 настай хүүхэд согтуу Porsche жолоодож яваад баригдвал эссэ бичих шийтгэл хүлээдэг юм байна. Тэгвэл бусад жолооч нарт яагаад ийм шийтгэл оноохгүй байна вэ?” гэж шүүмжилжээ.

Энэ нь Энэтхэгт баян чинээлэг хүний өмнө хууль хүчгүйдсэн анхны тохиолдол биш юм.

Болливүүдийн супер од Салман Хан автомашинаар хүн дайраад зугтсан хэргийнхээ төлөө шоронд хоригдохоор болоод байсан ч 2015 онд Бомбэйн Дээд Шүүх нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байжээ.

“Бусад хүмүүс хэчнээн өөр бодолтой байсан ч прокурорын гаргасан нотлох баримтыг үндэслэн яллах боломжгүй” гэж шүүх шийдсэн нь тухайн үедээ дуулиан тарьж байлаа.

Хан 2002 оны есдүгээр сард шөнө баарнаас согтуу гарч явахдаа Мумбай хотын захад унтаж байсан таван хүнийг дайраад зугтсан юм.

Дайруулсан хүмүүсийн нэг нь амиа алдаж, бусад нь бэртэж байжээ.

Жүжигчин өөрийгөө жолооны ард байгаагүй гэж мэдүүлж байв.

 

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд