Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эверестийн бааз руу гарсан хамгийн залуу авирагч бол Австралиас гаралтай Люси Браун юм. Тэрбээр дөнгөж 18 сартайдаа эцэг эхийн хамт Эверест уулыг зорьсон. Түүний өвөө нь гэр бүлээсээ хамгийн анх Эверест уулын орой дээр гарсан бөгөөд Люсигийн гэр бүл 10 жил тутам тус уулыг зорьдог аж. Люси Браун эцэг эх болон 65 настай эмээтэйгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Балбын 5364 метрийн өндөрт байрлах бааз руу явах хүнд аяллыг амжилттай дуусгажээ.
Охины аав Скотт Браун "ABC" агентлагт "Маш онцгой туршлага боллоо. Бид маш сайн бэлдсэний үндсэн дээр амжилттай гарсан. Зарим асуудал тулгарсан ч даваад гарсан" гэжээ.
Ууланд авирах нь Брауны гэр бүлийн онцгой заншил. Люсигийн талийгаач өвөө Рэй Браун нь 1999 онд Эверестийн оргилд гарсан анхны баруун Австралийн хүн юм. Скоттын хувьд охиноо баазад хүрсэн анхны бага насны хүүхэд гэдэгт эргэлзэхгүй байгаа ба гэр бүлийнхээ хувьд дээд амжилт тогтоосон гэж үзэж байна.
Өдгөө 40 настай Скотт Браун анх 10 насны төрсөн өдрөө эцгийнхээ хамт Эверестийн баазад өнгөрүүлжээ. Дараа нь 20 насандаа Балбын ууланд байх эцгийнхээ дурсгалыг төрсөн өдрөөрөө зорьж очсон. Энэ мэтчилэн 30 насандаа Эверест уулын баазад дахин ирснээр гэр бүлийн заншил тогтсон аж. Тэрбээр "Би 40 нас хүрэхдээ хөөрхөн охинтой болсон. Түүндээ гэр бүлийн заншлаа өвлүүлэн үлдээх нь сайхан хэрэг" гэжээ.
Жил бүр 30-40 мянга орчим хүн Эверестийн бааз руу явган аялал хийдэг. Гэвч далайн түвшнээс өндөр хэсэгт зарим аялагч шантрах, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаас болж аяллаа дуусгаж чаддаггүй. Өндөрт гарах тусам хүчилтөрөгч багасдаг ч гэлээ Брауны гэр бүл нэг жилийн турш бэлтгэл хийсний үндсэн дээр охиноо дагуулан явжээ. Энэ талаар Скотт Браун "Бид аяллынхаа турш Люсиг ажиглаж байсан. Туршлагатай хөтөчийн тусламжтайгаар Люси маань ажралгүй даван гарсан. Баазад очоод байгалийн сайхныг охиндоо үзүүлэх нь сэтгэл догдлуулсан мөч байлаа" гэжээ.
Брауны гэр бүл бага насны хүүхдээ дагуулж аялах сонирхолтой. Үүний адил олон гэр бүл хүүхдэдээ байгалийн сайхныг болон аяллын туршлагыг мэдрүүлж, аз жаргалтай дурсамж бүтээхийг уриалдаг аж.
Эх сурвалж: ABC