С.Рамафоса: Өмнөд Африкт ардчилал бат бэх байгааг сонгуулийн дүн харууллаа

С.Рамафоса: Өмнөд Африкт ардчилал бат бэх байгааг сонгуулийн дүн харууллаа

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ улс төрд шинэ эрин үеийг эхлүүлж буй сонгуулийн албан ёсны дүнг тус улсын Сонгуулийн хороо ням гаргийн орой зарлалаа.

Өнгөрсөн лхагва гарагт болсон сонгуулийн дүнгээр эрх баригч “Африкийн үндэсний конгресс” нам /АҮК/ анх удаа үнэмлэхүй олонхын байр сууриа алдсан байна. АҮК 400 гишүүнтэй Үндэсний Ассемблейд 159 суудал буюу нийт 40 орчим хувийн санал авчээ. Энэ нь 2019 оны сонгуулиар 57 хувийн санал авч байсантай харьцуулахад 71 суудлаар цөөрсөн үзүүлэлт юм.

Сонгуулийн хорооны дарга Мосото Моепиа сонгуулийн үеэр ширүүн өрсөлдөөн өрнөснийг хүлээн зөвшөөрсөн байна. “Энэ удаагийн сонгууль бол эргэлзээгүй хамгийн хэцүү, хамгийн ширүүн өрсөлдөөнтэй сонгууль байлаа” гэж тэрбээр хэлжээ. Гэсэн хэдий ч чөлөөтэй, шударга байдлаар явагдаж, “ард түмний дуу хоолойг” тусгасан гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

АҮК хамгийн олон суудал авсан боловч сөрөг хүчний намуудтай эвсэл байгуулах ёстой. “Ардчилсан холбоо” нам 87 суудал авч, саналын тоогоор хоёрдугаарт жагсжээ. Түүний араас Ерөнхийлөгч асан Жейкоб Зумагийн тэргүүлдэг шинээр байгуулагдсан “uMkhonto we Sizwe” нам /MK/ 58 суудал авлаа. Харин зүүний радикал үзэлтэй “Эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид” нам 39 суудал эзэлснээр дөрөвдүгээрт бичигдсэн байна. Үлдсэн суудлыг жижиг намууд авчээ.

Ням гаргийн мэдэгдлийн дараа ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса индэр дээр гарч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрлөө. “Манай ард түмэн үзэл бодлоо илэрхийллээ. Бидний ардчилал хүчирхэг, бат бөх хэвээр байна гэдгийг өөрсдийн саналаараа тодорхой харууллаа” гэж тэрбээр мэдэгджээ.

Харин Ж.Зумагийн “МК” нам сонгуулийн дүнг зарлахын өмнөх өдөр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд, санал хуудсыг дахин тоолохыг шаарджээ. Улмаар хүссэнээр нь болохгүй бол хүчирхийлэл дэгдэж болзошгүй гэж анхааруулсан байна. Харин Батлан ​​хамгаалахын сайд Танди Модисе үүнд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ.

АҮК одоо 14 хоногийн дотор эвслийн Засгийн газар байгуулах ёстой тул бусад намуудтай зөвшилцөх юм.

                                                                                                                                                                                        Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд