Аллагаар дүүрэн сонгуулийн үр дүнд Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь тодорхой болжээ

Аллагаар дүүрэн сонгуулийн үр дүнд Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь тодорхой болжээ

Ням гарагийн өглөө Мексик улсын түүхэнд хамгийн том сонгуулийн санал хураалт эхэллээ.

Энэ сонгуулиар тус улсын 100 сая орчим иргэн ерөнхийлөгчөө сонгохоос гадна нийслэл Мехико хотын захирагч, найман мужийн удирдлага, Конгрессын хоёр танхимын гишүүдийг бас сонгож байна. Нийтдээ 20,000 орчим төрийн албан тушаалтныг сонгох тул Мексикийн түүхэнд хамгийн том сонгуульд тооцогдож байгаа юм.

Энэ удаа Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь тодорхой болоод байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд тэргүүлж буй хоёр нэр дэвшигч хоёул эмэгтэй юм. Өрсөлдөөнд тэргүүлж буй эрх баригч намын нэр дэвшигч Клаудиа Шэйнбаум 2018 оноос 2023 он хүртэл нийслэл Мехико хотын захирагчаар ажиллаж байв.

Түүний гол өрсөлдөгч Хочитл Галвез 2015-2018 оны хооронд Мехико хотын Мигуэл Идальго дүүргийн захирагчаар ажиллаж байжээ.

Энэ хоёр эмэгтэйн хэн ялсан нь Мексикийн ерөнхийлөгч болж, тус улсыг зохион байгуулалттай гэмт хэргийн хүчирхийллээс салгах хүнд хэцүү даалгавартай нүүр тулах юм.

Одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын бүрэн эрхийн хугацаанд Мексикийн орчин үеийн аль ч засаг захиргааны түүхэнд байгаагүй олон хүн гэмт хэргийн золиос болоод байгаа.

Энэ удаагийн сонгууль ч аллага хүчирхийллийн дор явагдаж байна.

Сонгуулийн санал хураалт эхэлсний дараахан санал авах байранд зэвсэгт халдлага гарсны улмаас хоёр хүн алагджээ.

Тухайлбал Пуэбла мужийн Койомеапан хотын нэг санал авах байранд буудалцаан болох үеэр нэг хүн алагдсан бол мөн тус мужийн Тиапанала хотын санал авах байранд бас нэг хүн алагдсан байна.

Энэ сонгуулийн кампанит ажлын хугацаанд нийт 38 нэр дэвшигч алагдсан юм. Хамгийн сүүлд Бямба гарагийн шөнө орон нутгийн сонгуулийн нэг нэр дэвшигч буудуулж алагджээ.

Эдгээр аллага нь голдуу хар тамхины картелууд өөрийн төлөөний хүнийг орон нутгийн засаг захиргаанд шургуулах зорилготой холбоотой байдаг.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй явуулах тэмцлээс гадна АНУ-ын хилийг чиглэсэн хууль бус цагаачдын урсгал, хоёр улсын худалдааны үнэ тариф зэрэг асуудлууд Мексикийн шинэ ерөнхийлөгчийг хүлээж байна.

Хэрвээ ирэх арван нэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал эдгээрийг шийдвэрлэхэд маш хүнд болно гэж ажиглагчид үзэж байгаа.

Трамп Мексикт үйлдвэрлэсэн Хятадын компанийн автомашинуудад 100 хувийн татвар оноох, картелуудтай хийх тэмцэлд армийн тусгай хүчийг дайчлахаа амлаад байгаа юм.

 

                                                                                                                                                                                                                                    Эх сурвалж: Reuters

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд