Бэхэн тэмдэгээрээ гоёх бас гайхуулах бидний  өдөр

Бэхэн тэмдэгээрээ гоёх бас гайхуулах бидний өдөр

Дөрвөн жилд нэг л удаа тохиодог хамгийн чухал бөгөөд хариуцлагатай өдөр өнөөдөр тохиож байна. Сонгуулийн насны иргэн бүр энэ өдөр төрд өөрийгөө төлөөлөх боломжтой гэж бодож байгаа хэн нэгэнд саналаа өгөх нь иргэд төлөөний хүнээрээ дамжуулж төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа хамгийн чухал оролцоо юм. Энэ бол ардчилсан Монгол Улсын иргэний эрх бөгөөд үүрэг. Тийм ч учраас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Иргэн нэг бүрийн санал төр байгуулах үйл явцад тэр хэмжээгээр үнэ цэнтэй.

Өнөөдөр Монгол Улсын иргэдийн хамгийн чухал гоёл бол долоовор хуруун дээрх бэхэн тэмлэглэгээ байгаасай гэж хүсч байна. Хариуцлагатай иргэн байж, саналаа өгсөн хэн бүхэн өнөөдөр бэхэн тэмдэглэгээгээрээ бахархаж, бардамнаж бас бусдыгаа уриалаарай.

Амьдралд бид олон сонголттой тулгардаг. Хамгийн наад зах нь шоколадтай, сүүн, эсвэл холимог зайрмагны алийг нь сонгох вэ гээд л… Хэдхэн минутын дотор идээд дуусах зайрмагны сонголт хийхдээ хүртэл бид зүрхээ сэтгэлээ чагнадаг. Тэгвэл дөрвөн жил өөрийг тань төрд төлөөлөх хүнд, намд итгэл хүлээлгэх сонголт хийхдээ хариуцлагатай, хэн нэгнээс хараат бусаар сонголтоо хийх нь зүйтэй.

Жилээс жилд сонгуулийн насны иргэдийн идэвхи оролцоо нэмэгдэж байгаа сайн мэдээ бий. Гэхдээ бид энэ оролцоог улам нэмэгдүүлж Монгол Улсын иргэд эрхээ эдэлдэг, үүргээ ухамсарладаг, хариуцлагатай, соёлтой болсон гэдгээ харуулах цаг боллоо. Өнөөдөр долоовор хуруундаа бэхэн тэмдэглэгээтэй хүн хэн бүхнээс илүү хамгийн сайхан харагдана гэдэгт итгэлтэй байна. Ганцхан өдөр үүргээ биелүүлээд дөрвөн жил хариуцлага нэхэх чухал сонголтын өмнө бид бүхэн ирээд байна.  Монгол Улсад өөрчлөх зүйл олон байна гэж бодож байгаа бол өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, саналаа өгөхөөс эхэлээрэй. Аль нам эвсэл хэнийг дэмжих нь иргэн таны бүрэн эрх. Хамгийн чухал нь оролцоогоо хангах нь чухал юм. Энэ удаагийн УИХ-ын сонгууль хамгийн өндөр ирцтэй сонгууль болно гэдэгт итгэж байна.  Таны сонголт мэргэн байг.

Сонгуулийн эрх бүхий иргэн  ТА: 

Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.

Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.

Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

… 9/ Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

Хорин нэгдүгээр зүйлээс

… 3/ Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

11.8.Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.2.25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд