Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн далбаа минь мандан бадарч, мөнх оршихийн билгэдэлт тэнгэрийн хөх, мандан бадрахын билгэдэлт галын улаан өнгө нь оршсоор цагт, алтан соёмбынх нь эвийн хоёр загасны мэлмий хэзээ ч анивчихгүй ширтэж, мөнхийн гал нь унтрахгүй бадамлаж, хорвоо дэлхий даяар дэрвэнхэн намирсаар цагт монгол эх орон та минь үүрд оршиж , тусгаар тогтнол минь батжин мандаж, ард зоны минь хөгжил тэмүүлэлийн түрлэг түм түмэн жил цуурайтсаар байх болно.
Дэлхий даяар, тэнгэрийн энгээр алтан соёмбот далбаа минь намирнам. Далбаагаа харахын энгээр зүрх зориг минь бадарнам. НҮБ-ийн шилтгээн, сансрын уудамд ч , нүүдэлчдийн суурин, төрийн ордны оройд ч ,дэлхийн аваргын дэвжээ, олимпийн тавцанд ч алтан соёмбот далбаа минь харах нүдний баясгалан, бахархах сэтгэлийн үзэсгэлэн болж намирнам.Туулж ирсэн замыг минь Туяаран гийгүүлнэм .
Алтан соёмбот далбаа минь, намир, намир
Түүх өгүүлрүүн: Тэртээх 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол Улс- төрийн далбаагаа “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн тодорхойлон хэлэлцжээ.
Түүх өгүүлрүүн: 1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлорпоо: “Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.
Түүх өгүүлрүүн: 1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заажээ
Түүх өгүүлрүүн: 1945 оны 7 дугаар сарын 10-ны БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2 x 1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ.
Түүх өгүүлрүүн: 1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаа, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огтогуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хүшуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.
Түүх өгүүлрүүн: 1992 оны Үндсэн хуульд улсын далбааны талаар заахдаа: Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн заажээ.
Хэдэн зууны тэртээ дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан, алдар гавьяа, сүр хүчээ гайхуулж явсан өвөг дээдсээ бахдан биширмү . Тэдний минь баатарлаг зориг -гал, нар, сар гурав мандсан далбааныхаа хилэнт намираанд асан бадамладаг байсанд гүнээ итгэнэм. “МОРИНДОО...” гэсэн домогт жанждынх нь бадрангуй тушаал эр цэрэгт омог бардамнал, зүрх зориг өгч, аян замынх нь уртад даллан дууддаг буюу, аяа, морьтой түүхээ бахдан дуулюу, алтан соёмбот далбаа минь намир, намир.
Нахиад гүрнийг аравчилж
Наран улсыг саравчилж
Номхон дөлгөөн далайгаас
Намхан морьдоо усалсан
Эзэрхэг түрэмгий дээдсийн минь
Хүчирхэг эрэмгий зориг
Мөсөн уул шиг гүндээн
Ёсон жудагт хүндээн оршсоор л байгаа болохоор
Домогт бурхан Халдун минь
Довцог болоогүй уулаараа байна
Долгис цалгис таслаагүй
Онон Хэрлэн Туулаараа байна
Альп давсан хүлэг минь
Адуун зүсний өнгөндөө байна
Алтан ураг Чингис минь
Ариун дагшин онгондоо байна
Чинжаал Кавказыг мохоож
Цүнхээл Днеприйг цалгиаж
Хар далайн эрэг дээр
Бар жилээр өвөлжсөн
Домог бадрангуй дээдсийн минь
Омог задрангуй зүрх
Мэлмийдээ галтай үрсдээн
Өлмийдээ дөрөөтэй эрсдээн цохилсоор байгаа болохоор
Шившиж татсан сум минь
Есүхэй мэргэний байндаа байна
Агсаж зүүсэн сэлэм минь
Есүүл цэцний хуйндаа байна
Дөл цэлмэг зориг минь
Өөдөө соёмбын галдаа байна
Хол нүүдлийн зөрөг минь
Хүннү чулуут талдаа байна
Цамхаг Вавилоныг бөхөөсөн ч
Таж махгалыг бүтээсэн
Гүнж дэлхийг бөгтөрсөр ч
Манж хаантанд бөхийсэн
Сөхрөвч асаагаараа дээдсийн минь
Цөхрөвч босгоороо хүслэн
Цээжний гүнд минь бадаглан
Чин зүрхэнд минь бадамлан ассаар л байгаа болохоор
Долоон бурхан минь бөхөхгүй
Азын цолмонт тэнгэртээ байна
Дорнын Монгол минь мөхөхгүй
Ази эхийн энгэртээ байна
Олмоон чангалж мордсон
Дээдсийн цадиг минь мөртэйгээ байна
Он, оны зурай дээр
Миний Монголчууд –Морьтойгоо байна
Тиймээ, монгол хүн бүр зориг хүслийнхээ моринд, золбоо хийморийнхоо моринд, бүтээн байгуулж, эх орноо хөгжүүлэн бадруулахын мориндоо мордох цаг ирж байна.
Эх орны минь далбаа хаана намирна,тэнд эх орны минь сүр хүч, золбоо хийморь , алдар суу нь бадарму. Номхон дөлгөөн далайд хөлөг онгоцны хитэг дээр намирах тэр далбаа-эх орон минь юм, НҮБ-ын нэрийн өмнөөс дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэж яваа эх орныхоо цэрэгтэй энхийг сахиулан гал шиг бадамлаж, тэнгэр шиг цэнхэртэх тэр далбаа эх орон минь юм. Дэлхийн улс гүрний нийслэл болгонд Элчин сайдын яамны байшингийн орой дээр намирах тэр далбаа эх орон минь юм. Монголчуудын түүх бол алтан соёмбот далбаа асан бадарсны түүх билээ. Хүний ертөнцийн түүхнээс, хөгжил дэвшлийн түүхнээс Монголын түүх хэзээ ч арчигдахгүй ээ. Алтан соёмбот далбаа шигээ цагийн цагт гэрэлтэн тодорсоор байх болно. “Байсан...”, “Байна ч...” , “Байсаар байх болно...”
Наран тунгалаг эх орны номин хөх тэнгэрт алтан соёмбот далбаа минь намирнам. Улаан, хөх улаан нь эрх чөлөөний давхар их баярыг илтгэж, эх орондоо хайртайн төгөлдөр санааг илэрхийлнэм буюу.
Далбаа минь эгц өөдөө, монгол түмний минь -сонгодог бичиг шигээ босоо болтугай. Тусгаар тогтнолын үнэт баталгаа- Алтан соёмбот далбаа минь намир, намир…