ВИДЕО: Ойн түймэр Грекийн нийслэл Афин хотын захад ойртжээ

ВИДЕО: Ойн түймэр Грекийн нийслэл Афин хотын захад ойртжээ

Грек  улсад асч байгаа ойн түймэр нийслэл Афин хотын захад ойртсон байна. Ойн түймрээс сэргийлж хотын зах орчимд олон мянган иргэнийг суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Ойрын өдрүүдэд Европын төв болон баруун хэсэгт агаарын хэм хэт халж, халууны урсгал дайран өнгөрч байна. Хэт халууны улмаас иргэдийн эрүүл мэнд сулрах, цаашлаад ойн түймэр ихээр асч байгааг холбогдох эх сурвалжууд анхааруулж байна. Ойн түймэр ихээхэн гарз хохирол дагуулж буй улсуудын нэг нь Грек юм. Грек улсын нийслэл Афин хотын ойролцоо асч байгаа ойн түймэр хотын захын суурьшлын бүсэд ердөө 30 км-ын зайтай ойртон ирсэн байна. Тиймээс эрх баригчид хотын зах орчим дахь айлуудын байшин барилга, бизнесийн байгууллагууд, сургуулиудыг чөлөөлж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр энэ долоо хоногийг дуустал асна гэж гал сөнөөгчид, цаг уурчид сэрэмжлүүлж байгаа юм. Ойн түймрийн улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Афин хотын хойд захад байдаг Врилиссиа тосгоны дэлгүүр шатаж, дотроос нь эмэгтэй хүний цогцос олдсон байна. Гал унтраах байгууллагын мэдээлж байгаагаар Афин хотын эргэн тойронд хэд хэдэн идэвхтэй түймэр асч байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Афины ойролцоо асаж байгаа түймрийг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч, 200 орчим гал унтраах машин, 35 онгоц ажиллаж байна. Мөн 13 иргэн, 2 гал сөнөөгч түймэрт өртөж, түлэгдэж бэртжээ. Даваа гарагийн байдлаар Грекийн 40 өөр байршилд түймэр ассан байна. Зарим түймрийн утаа 25 метрийн өндөрт хүрчээ. Түймрийн утаа Афины төвд орж ирсэн. Тиймээс 3 гаруй оршин суугчтай нийслэл хотын иргэдийг утаанаас сэргийлж амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалахыг холбогдох хүмүүс зөвлөж байна. Грекийн үндэсний ажиглалтын төвийн хиймэл дагуулаас авсан зурагнаас харахад ойн түймэр 400 гаруй км кв талбайг шатаагаад байна. Пентели тосгон дахь гуалин модны үйлдвэр шатах үеэр хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Грекийн Засгийн газар ойн түймэртэй тэмцэхийн тулд Европын Холбооны гишүүн орнуудаас тусламж дэмжлэг хүсч байна. Франц, Серби, Румын, Итали, Чех, Испани, Турк улсууд Грекийг байгалийн гамшигтай тэмцэхэд туслахаа мэдэгдээд байна. Франц, Серби, Турк улсууд тус бүр нэг нисдэг тэргээр, Испани, Чех, Румын улсууд хүн хүч, тусламжийн бараа, шаардлагатай газрын тээврийн хэрэгслээр туслахаа амлажээ. Грек улсад энэ жилийн зургаа, долдугаар сарууд түүхэн дэх хамгийн халуун сарууд байсан. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн хий дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж байгааг байгаль орчны хамгаалагчид сануулсаар байгаа юм. Саяхан хийсэн судалгаагаар нүүрстөрөгчийн хийн ялгарлаас үүдэлтэй хэт халуунаас болж өнгөрсөн жил Европ тивд 50,000 хүн нас баржээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд