Женнифер Лопес, Бен Аффлек нар  хоёр жилийн гэрлэлтээ цэг тавьжээ

Женнифер Лопес, Бен Аффлек нар хоёр жилийн гэрлэлтээ цэг тавьжээ

Женнифер, Аффлек нар 20 орчим жилийн өмнө болзож, тухайн үедээ сүй тавьж байсан ч салсан. 20 орчим жилийн дараа хайр дурлалын харилцаагаа эргэн сэргээж, 2021 онд тэдний дахин болзож байгаа тухай мэдээ гарч, 2022 оны зун хуримаа хийсэн билээ. Тэд хамгийн анх 2002 онд гэмт хэрэгтэй инээдмийн Gigli кинонд тоглохдоо танилцаж болзон, Аффлек Женниферт 6.1 каратын ягаан өнгийн алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж сүй тавьж байсан юм. Тэд 2003 онд хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсаар 2004 онд салж байжээ.

20 жилийн хугацаанд алдартнууд тус тусдаа гэр бүл зохиосон ч салж, улмаар эргэн нийлсэн нь Холливудад шуугиан тарьсан. Эргэн нийлснийхээ дараа Женнифер “хайр бол хамгийн үзэсгэлэнтэй сайхан зүйл. Бас 20 жилийн тэвчээр юм” хэмээн ярьж байжээ.

Гэвч удаан хугацааны дараа сэргээсэн харилцаагаа дахин дуусгавар болгох шийдвэрийг Женнифер гаргасан байна. Одоогоор Лос Анжелесын шүүхэд гаргасан өргөдөлд гэрлэлтийн өмнөх гэрээний тухай болон эд хөрөнгийн тухай нарийн дурдаагүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Тэдний салалт хуулийн хүрээнд шийдэгдэх хүртэл багагүй хугацаа зарцуулах байх. Хуулийн дагуу салж байгаа хүмүүс орлого, зарлага, үл хөдлөх хөрөнгө, өр зээл гээд санхүүгийн бүх мэдээллээ дээд шүүхэд мэдүүлнэ. Өргөдөл гаргасан Женнифер Лопез, Бен Аффлек нар 60 хоногийн хугацаанд санхүүгийн тайлан мэдээллээ ил тод болгож шүүхэд мэдүүлэх ёстой.

Алдартнуудыг салах гэж байгаа, харилцаа нь таагүй байгаа тухай цуу яриа нилээд хэдэн сарын өмнөөс гарч эхэлсэн. Тэд Беверли Хиллсийн тансаг харшуу 65 сая ам.доллараар худалдаж, тусдаа амьдарч эхэлсэн тухай яригдах болсон. Мөн гартаа хуримын бөгжөө зүүхээ больсон байсан. Лопез гэр бүлийнхээ зуны амралт зугаалгаа мөн цуцлаад байжээ.

Энэ жил 52 настай Аффлек Лопезоос тусдаа байсан 20 жилийн хугацаанд жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж гурван хүүхдийн эцэг эх болсон юм. Харин Лопез гурван удаа гэрлэсэн бөгөөд энэ удаагийн гэрлэлт түүний дөрөв дэх гэрлэлт байжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд