Хотын даргыг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох хуулийн төсөл санаачлах санал гаргажээ

Хотын даргыг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох хуулийн төсөл санаачлах санал гаргажээ

Хуваалцах Жиргэх

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлсэн.

Энэхүү платформ нь иргэд УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болоод байна.

Иргэн Сэржмядагийн Түвшинбилэг “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох” санал гаргаж, 2025 оны 4-р сарын 18-ны өдөр санал асуулгыг эхлүүлжээ. “D.parliament”-д оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд санал авах бөгөөд 5-р сарын 18-нд энэ саналыг 18 насанд хүрсэн 100 мянган иргэн дэмжвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх босго давах юм.

Санал гаргах болсон үндэслэлээ, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай байна.

Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай байна гэж тайрбарлажээ.

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаар иргэдийн санал байжээ. Үүнд:

  • Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал
  • Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал
  • Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь:

  • 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах
  • 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах
  • 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд