"Хотын дарга аа, ТҮЦ эрхлэгчдийн зээл 30 гаруй тэрбум байна

Хуваалцах Жиргэх

Монголын худалдаачдын холбоо болон ТҮЦ-ээ хураалгасан иргэдийн зүгээс өнөөдөр /2025.04.25-нд/ мэдээлэл хийлээ.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Р.Бат-Ялалт: 2015 оноос хойш ТҮЦ-ийг ачна, хураана хэмээн тасралтгүй тэмцэл, мөргөлдөөн явагдаж ирсэн. 2022 онд нийслэлээс худалдаа үйлчилгээний нийтлэг журам гэж гаргасан. Энэхүү журамд түргэн үйлчилгээний цэг гэсэн төрөл ангилал байгаа юм. 

Харамсалтай нь, 2022 оноос хойш дүүрэг, нийслэл нь нэг ч ТҮЦ-т зөвшөөрөл олгоогүй. Энэ бол төрийн байгууллага нь өөрсдөө ажлаа хийгээгүй гэсэн үг юм. Хотын дарга хэлэхдээ зөвшөөрөлгүйгээр ТҮЦ үйл ажиллагаа явуулсан гэсэн. Гэтэл энэ асуудал нь төрийн байгууллага өөрсдөө зөвшөөрөл олгож, стандарт тогтоож, бүртгэлийн ажил явуулаагүй хэрэг юм. ТҮЦ эрхлэгчдийн бухимдаж байгаа нэг зүйл нь дулаан авто зогсоол гэх нэршилтэй воган шиг зүйлийг гудамжинд тавьж эхэлсэн байна. Энэ нь маш олон хүний эрхийг зөрчиж байгаа юм. 

Нийт зургаан дүүрэгт 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А-237 гэх захирамжийн дагуу нийтийн зам талбайд тавигдсан барилга, байгууламжийг чөлөөлөх ажлыг энэ сараас хэрэгжүүлж эхэлсэн. Зарим дүүрэг нь тусдаа бие даасан захирамж гаргасан байна. Харин зарим дүүрэг нь захирамж огт гаргаагүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны акт гаргахын тулд эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдийг оролцуулж байж актыг гаргах ёстой. Мөн сонсох ажиллагаа ч явуулах хэрэгтэй. Гэтэл энэ ажлыг огт хийсэнгүй. Захиргааны актаа гаргасны дараа эрх ашиг нь хөндөгдөж буй тухайн иргэдэд захиргааны актыг танилцуулж, гомдол гаргах эрхийг олгох ёстой байсан. ТҮЦ эрхлэгчдэд ямар ч боломж олголгүйгээр дөрөвдүгээр сарын 2-3 өдрөөс эхэлж Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд ТҮЦ ачих үйл ажиллагаа явагдсан. 

ТҮЦ-ээ ачуулж буй хүмүүс дээр очоод уулзахаар ямар захирамжийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж байгааг мэдэхгүй байсан. ТҮЦ ачиж байна гэх нэрийн дор зөөврийн байгууламжийг л чөлөөлөх ёстой байтал доторх бараа болох 5-6 сая төгрөгийн үнэтэй өмч хөрөнгийг хог шиг хаяхыг захирамж дээр заагаагүй юм. Энэ мэт захирамж үйлдэхдээ хүний эрхийг ноцтойгоор зөрчиж зөөврийн байгууламжийг эвдэн сүйтгэж байна. Энэ нь эрүүгийн хэрэг мөн юм. Зүгээр нэг крантай хүн явж очоод ТҮЦ-ийг ачсан тохиолдлууд ч бий. Цагдаагийн байгууллага ч хамгаалалт авсан бүсдээ хүн гэмтээчхээд ямар ч арга хэмжээ аваагүй. Үүгээр зогсохгүй шүүх эмнэлгийн шинжээчийн тогтоол үйлдэж өгөхгүй байна. Бид эдгээр асуудлыг үндэслэн Хүний эрхийн үндэсний комисст  шаардлага хүргүүлэх болно. Мөн ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд болон Хотын дарга нарт шаардлага хүргүүлж байгаа юм. 

ТҮЦ-ийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Одмаа: Урьдчилсан байдлаар 200 гаруй ТҮЦ эрхлэгчдээс зээлийн мэдээллийн судалгаа хийсэн. ТҮЦ эрхлэгчдийн зээл 30 гаруй тэрбум байна. Үүнд банк, банк бус, ломбард, өдрийн зээл, барааны өр зэрэг нь багтсан. ТҮЦ эрхлэгчид бараагаа бэлэн мөнгөөр авдаггүй. Харин падаанаас падааны хооронд ажил нь явагддаг юм. Энэ их өр зээлийн асуудлыг яаж шийдэх вэ Хотын дарга аа. Өдийг хүртэл хэвийн төлөгдөж байсан зээлийг төр өөрөө таслан зогсоосон. ТҮЦ эрхлэгчдийн хувьд зээлийн асуудал маш хурцадмал байна. Өдрийн зээл олгодог хүмүүс зээлээ нэхээд эхэлсэн. Зарим ТҮЦ эрхлэгчид нь яах учраа мэдэхгүй энд тэнд зугтаад явж байна. Бидний тавьж буй шаардлагыг нэн яаралтай хэлэлцэж бидэнтэй уулзаж ярилцахгүй бол энэ асуудал улам л хурцдах болно.

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд