Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө

Хуваалцах Жиргэх

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр "… Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсын хувь нийлүүлсэн Монголын хамтарсан нийгэмлэг 1890-ээд оны үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж  байсан түүхтэй. Энэ цаг үеэс геологийн хайгуул судалгаа эрчимжиж 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор симстемтэйгээр ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны суурь болсон түүхтэй.

Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар иржээ.

Дэлхийд тэргүүлэгч Норвегийн сан 1990 оны үед байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд  нийт 100 гаруй Баялгийн сан нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулж байна.

Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн байгалийн баялгийн сан байгуулах алхам хийж 2009 онд Хүний хөгжлийн сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэж байхаар хуульчилсан.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлан, хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.

Үндэсний баялгийн сангийн иргэдийн  Хуримтлалын санд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр И Монголиа системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах боломж бүрдсэн нь Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй амжилт юм" хэмээлээ. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-2030 он гэхэд сан 4-5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа. Англи, Францын төв банкинд одоогийн байгаа мөнгөө байршуулсан гэж байгаа. Орж ирж байгаа мөнгийг аль нэг улсын банкинд байршуулах гэхээс илүүтэй Норвеги маягийн байдлаар хөрөнгийн зах зээл, смарт технологи руу хөрөнгө оруулах боломжийг судалж үзсэн үү? 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Дэлхий дээр уул уурхайн баялгаас бүрддэг100 гаруй баялгийн сан байна. Зарим нь Норвегийн сантай төстэй буюу бий болсон орлогоо арвижуулах маягаар асуудлаа шийддэг. Өнөөдөр байгаа дэд бүтэц болон бусад асуудлаа  шийдэхэд баялгийн сан нь менежмент хийдэг сан байна, жишээ нь Казахстан улс. Зарим нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хөтөлбөрт зарцуулдаг хадгаламжийн сан байна.

Улс орон бүр л өөр өөрийн үндэсний онцлогт тохирсон менежментийн зохист хэлбэрийг олоод уул уурхайн төслүүдээ олон нийтийн дэмжлэгтэй болгох аргыг Баялгийн сан гэж үздэг.

Манай улсын хувьд судлаад үзэхээр гол асуудал нь ирээдүйдээ хадгалахыг зөв гэж үздэг. Өнөөдрийн асуудлаа шийдмээр байна. Өнөөдрийн асуудал шийдэгдэхгүй учраас уул уурхайн өгөөж бага байна гэдэг шүүмжлэл байдаг. Шууд иргэдийн дансанд хуримтлагдахгүй учраас захиран зарцуулах болон хяналт тавих боломжгүй байна гэдэг. Нэг жилийн өмнө батлагдсан хууль бол Үндсэн хуульд заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид ярилцаад ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь гол концепци байна.

Ойлголтоо нэгтгэж байж 34 хувьтай холбоотой хэлэлцээр хийхгүй бол улс төрийн асуудал нь хөрөнгө оруулалт болон бусад ауудлаасаа өмнө гарчих гээд байгаа учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар мэдээлэл өгөхөөр оруулж ирсэн.

Эрсдэл хамгийн бага байх үүднээс банкинд хадгалуулах нь зөв гэж Монголбанк үзсэн. Цахим компаниудын хувьцаа авах ч юм уу, эсхүл хөрөнгө оруулалт хийх боломж нь эрх зүйн хувьд нээгдсэн.

Гурван сан нэгдээд Чингис хаан гээд нэрлэгдээд явж байгаа. Хараат бус гадны удирдлагаар удирдуулах нь зөв гээд “Эрдэнэс Монгол” нэгдэлд чиглэл өгөөд явж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд