УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцуулжээ

УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцуулжээ

Хуваалцах Жиргэх

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Э.Лхагва нар өнөөдөр /2025.04.29/ парламентын сэтгүүлчидтэй уулзаж, шинэчлэн баталсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжлага хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.” хэмээн заасан бөгөөд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Их Хурлыг үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмыг шинэчлэн баталсан юм.

 

Шинэчлэн баталсан журмын талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах эрх авах хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтанд тавих шаардлага, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлахдаа баримтлах зарчмын талаар мэдээлэл өгөв.

Мөн Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа хуулийн зорилт, зохицуулах харилцаа, нэр томьёог хэрхэн тодорхойлсон талаар дурдаад, хууль тогтоолын төслийн хэлэлцэн батлах үе шатны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хүргэсэн.

Шинэчлэн баталсан журам, УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг нь шийдээд буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, саналаа солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд