АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн онгоцыг хураан авчээ

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн онгоцыг хураан авчээ

АНУ-ын Засгийн газрын агентлагууд хамтарсан мөрдлөг шалгалтын үр дүнд Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувийн хөрөнгөд тооцогддог нисэх онгоцыг хөрш Доминиканы Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээс хурааж авсан байна. Тус онгоцыг Мадуро Америкийн Флорида муж дахь зэвсэг техник үйлдвэрлэдэг компаниас хууль бус замаар худалдаж авсан гэж үзжээ.

Falcon 900EX загварын нисэх онгоцыг Мадуро 2023 оны дөрөвдүгээр сард Флоридагийн компаниас 13 сая ам.доллараар худалдаж авч, Карибын тэнгисээр дамжин нисгэж Венесуэлийн нутаг дэвсгэрт хүргэсэн байна. Мадуро уг онгоцыг олон улсад айлчилж, аялж зочлохдоо хэрэглэдэг бөгөөд Венесуэлийн цэргийн баазад байрладаг байна.

АНУ-ын Хууль зүйн яам 2020 оны гуравдугаар сард Мадуро болон түүний ойрын хүрээллийн 14 хүнийг мансууруулах бодисны терроризмын гэмт хэрэг, хууль бус мансууруулах бодисны наймаа, авлигын хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Мөн Америкийн Засгийн газар сонгуулийн шударга бус санал хураалттай, хүлээн зөвшөөрөгдөөгүй дүн мэдээтэй холбогдуулан Венесуэлийн эсрэг хориг тавиад байгаа юм.

Энэ долоодугаар сард Венесуэлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Николас Мадуро ялалт байгуулснаа зарласан боловч сөрөг хүчин нийт саналын хуудасны 80 гаруй хувийг ил тод болгосон. Уг баримтаас харахад сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалез Уррутиа ялалт байгуулсан нь илэрхий байна гэж сөрөг хүчнийхэн үзсэн. Энэ мэтчилэн хэд хэдэн шалтгаанаар АНУ Венесуэлийн эсрэг хориг тавьж, сонгуулийн санал хураалтын нарийвчилсан мэдээллийг ил тод болгохыг Мадуро болон түүний Засгийн газраас шаардаж байгаа юм.

Мадуро Флоридагийн компаниас онгоц худалдаж авч, уг онгоцыг хил давуулсан нь АНУ-ын Засгийн газрын тогтоосон хориг болон экспортын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Уг шалгалт мөрдлөгийн ажилд АНУ-ын Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах газар, Худалдааны агентлагууд, Аж үйлдвэр аюулгүй байдлын товчоо зэрэг хэд хэдэн томоохон бүтэц хамтран ажиллажээ.

Америкийн Засгийн газар уг ажилд хамтарч ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлсэн Доминиканы Бүгд найрамдах улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн байна. Харин Доминиканы Гадаад хэргийн Роберто Альварез Америкийн явуулсан шалгалт мөрдлөгийн ажилд хөндлөнгөөс оролцоогүй, Мадурогийн онгоц бүртгэгдээгүй байсан гэж мэдэгджээ.

Мадурогийн хувийн хэрэгцээндээ ашигладаг Falcon 900EX онгоц чухам яагаад Доминиканд ирсэн нь тодорхойгүй байна. Ямартай ч тус онгоцыг даваа гарагт Доминиканы нийслэл Санто Доминго хотын ойролцоох Ла-Изабела нисэх буудлаас Флорида руу буцааж нисгэж, Форт Лаудердэль нисэх буудалд газардсаныг мэдээлжээ. Мадуро өнгөрсөн зун дахин сонгогдсоны дараа Доминикан болон Панам улсууд Венесуэлтэй арилжааны нислэгээ цуцлаад байсан юм.

Ерөнхийлөгч Мадурогийн онгоцыг өөр улсаас хурааж авсан явдлыг Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Гил буруутгаж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “АНУ хэт нэг талыг баримталсан, хууль бус үйлдлээ дэлхий дахинд хэрэгжүүлж байна. Венесуэлийн Засгийн газар улс орондоо учруулсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй” гэжээ.

Мадуро Венесуэлийн Засгийн эрхийг 2013 онд гартаа авснаас хойш авлига хээл хахууль, инфляц гаарч, хүний эрхийн олон тооны зөрчил гэмт хэрэг газар авсан гэж америкчууд үздэг. АНУ-ын Төрийн департамент Мадурог гэм буруутайг нотлох баримт мэдээллийг өгсөн хүнд 15 сая хүртэл ам.долларын шан харамж амлажээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд