Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян-Өлгий аймагт ерөнхийлөгчийн сэтэрлэсэн бор морийг хулгайлжээ.
Долдугаар сард Алтай таван богд хайрхныг тахих үйл ажиллагаанд ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үедээ, "Монгол түмний заяа буяныг даатгаж", тус аймгийн аварга малчин Ч.Хэнзхүүгийн "Алтай таван богд" угшлын адуун сүргээс сорлон авчээ.
Гэтэл сэтэрлэж тавьсны орой нь бор морийг Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутаг дэвсгэрээс хулгайд алджээ. Энэ хэргийн талаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч н.Н-ээс тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн морь алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дараагаар шалгалтын ажиллагаа эхэлсэн. Одоогийн байдлаар манай алба прокурорын газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн дагуу мэдээлэх үедээ нийтэд хэргийг ил болгоно" гэлээ.
Мөн тухайн нутгийн иргэнээс эл хэргийн талаар асуухад, "Ерөнхийлөгчийг морь сэтэрлэсэн орой хадгийг нь хайчилж хаяад, хулгайлсан байсан. Нутаг усаараа тэр хулгайлсан этгээдийг хараагүй байгаад ихээр гайхаж байна" гэв.
Хуулийн тайлбар: Бусдын эд хөрөнгөд санаатайгаар халдсан, хулгайлсан этгээдэд дараах ялыг ногдуулдаг байна.
Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг дараах байдлаар зохицуулжээ. 17.12 дугаар зүйл мал хулгайлах гэмт хэрэгт зааснаар:
1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Энэ гэмт хэргийг:
2.1.олон тооны мал хулгайлж;
2.2.бүлэглэж;
2.3.улсын хилээр нэвтрүүлж;
2.4.машин механизм ашиглаж;
2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;
2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах юм байна.