Энэ 7 хоногт Улсын ерөнхий прокурорыг томилно

Энэ 7 хоногт Улсын ерөнхий прокурорыг томилно

Хуваалцах Жиргэх

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Түүнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор УИХ томилж байсан юм. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэнийг Ерөнхий прокуророор томилох вэ гэдгийг шийдэж, УИХ-д оруулна. Б.Жаргалсайханыг дахин нэг удаа сунгах уу, эсвэл шинэ хүн томилох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг нь өмнөх Ерөнхийлөгчийн томилсон хууль хүчний байгууллагын удирдлагыг шинэ Ерөнхийлөгч гарч ирээд өөрчилдөг байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдоод дөрвөн жилийн хугацаанд өмнөх Ерөнхийлөгчийн томилсон Ерөнхий прокурорыг өөрчлөөгүй. Тиймээс Б.Жаргалсайханыг улираан томилох магадлал бий.

Энэ 7 хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхий прокурорын томилгоо байгаа бололтой. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд бусад гэсэн асуудал оруулжээ. Энэ нь Ерөнхий прокурорын томилгоо бололтой.

Прокурорын тухай хуульд Ерөнхий прокурорын томилгоог,

46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.

46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.

46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.

46.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.

46.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:

46.6.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;

46.6.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

46.6.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

46.6.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд