Булган-Байтаг орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван үерлэжээ

Булган-Байтаг орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван үерлэжээ

Энэ сарын гол мөрний усны горимын тойм:

1.   Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Энэ сарын дунд арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий зэрэг голуудын усны түвшин хугацааны туршид хоногт 5-20 см буурсан бол Үүр голын хугацааны дунд үед усны түвшин 15 см нэмэгдсэн боловч аажим буурсан. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-40 см бага харин Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг-Эрдэнэбулган ус судлалын харуул орчимд 15-30 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс 20-95 см ахиу байгаа бол Урдтамир, Хойттамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байна.

 Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Тэрэлж, Туул голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-10 см буурсан хэдий ч Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэсэн. Харин бусад голуудын хувьд өнгөрсөн хугацааны турш түвшний өөрчлөлт ажиглагдаагүй байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс 20-45 см ахиу байгаа бол Ерөө, Сөгнөгөр, Хараа голын дагууд олон жилийн дунджаас 5-25 см бага байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-25 см тогтвортой буурсан бөгөөд өмнөх арав хоногтой харьцуулахад 50-150 см нэмэгдсэн, Зэлтэр, Эг голын 15 см буурсан хандлагатай байв. Орхон голын дагууд усны түвшин харьцангуй тогтвортой байсан хэдий ч Ус судлал Хөгшин-Орхон-Хархорин харуул орчимд хугацааны сүүлээр усны түвшин 10-40 см нэмэгдэж үерийн түвшинд хүрсэн байна. Арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс Орхон голын нийт уртын дагууд 15-40 см бага байна.

2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-15 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хэрлэн голын эхээр 10-35 см ахиу бусад голуудын хувьд 5-20 см бага байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долоон нуур зэрэг голуудын усны түвшин энэ сарын 11-18 хүртэл 5-40 см нэмэгдэж, аажмаар буурсан ч Ус судлалын Булган-Булган, Үенч-Үенч харуул орчмоор үерийн түвшинг 10-50 см, Булган-Байтаг орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван үерлэсэн байна. Дээрх голуудын усны түвшин арав хоногийн дунджаараа олон жилийн дунджаас болон өмнөх оны мөн үеийнхээс 20-120 см ахиу байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдсэн бол бусад голууд харьцангуй хоногийн түвшний хэлбэлзэл багатай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2023 оны мөн үе олон олон жилийн дунджаас 10-45 см ахиу харин Онги, Зэгэстэй, Таац, Хүнгүй голын хувьд олон жилийн дунджаас 5-20 см бага түвшинд байна.

Увс нуурын савын Чигж, Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх арав хоногт хэлбэлзэл багатай байсан ч Хариг голын усны түвшин хугацааны дунд үед 5-25 см нэмэгдэж үерийн түвшинг 25 см даван үерлэсэн. Увс нуурын савын Хариг, Тэс, Намир олон жилийн дунджаас 10-40 см ахиу Чигж, Хархираа, Түргэн, Баруунтуруун 10-70 см бага байна.

Энэ сарын хоёрдугаар арав хоногийн Увс нуурын сав, Алтай нуруунаас эхтэй зарим гол мөрний усны түвшин хайлсан цас, мөсний нөлөөгөөр нэмэгдээд үерийн түвшинг давсан ч эргээд буурсан хандлагатай байна гэж УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс мэдээлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд