ИРГЭН: Хүүхдүүд бөөрөнхий цагаан яс барьсан тоглож байхыг цонхоор хараад очиход үнэхээр хүний толгойн яс байсан

ИРГЭН: Хүүхдүүд бөөрөнхий цагаан яс барьсан тоглож байхыг цонхоор хараад очиход үнэхээр хүний толгойн яс байсан

Долоо орчим насны хүүхдүүд хүний гавлын яс барьчихсан, тоглож байхыг харсан иргэн цагдаад мэдэгджээ. Уг иргэн болсон явдлын талаар редакцад мэдээлэл өглөө.

Тус хороонд оршин суугч иргэн Т "Уг явдал 2024 оны тавдугаар сарын 31-нд 14:30 цагийн орчимд болсон. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангийн хажуугийн шүүхийн байгууллагын хуучны цагаан байрнуудын хойд талын хашаан дотор долоо орчим насны хүүхдүүд бөөрөнхий цагаан, том хүний гавлын яс барьсан тоглож байхыг гэрийнхээ цонхоор хараад гарч очтол үнэхээр хүний толгойн яс байсан.

Хүүхдүүдээс хаанаас олсныг асуухад уг хашаан дотор фундам маягийн дөрвөлжилж ухсан нүхнээс олсон болохыг зааж, тэнд зөндөө яс байсан гэсэн юм. Очоод хартал хүний бүтэн биеийн яс байсан. Ингээд цагдаа дуудсанаар мөрдөгчид мэдүүлэг өгсөн.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагийн орчимд яг тэр газар цагдаа нар ирчихсэн яснууд гаргаж, зургийг нь дарж байгааг цонхоор харсан" хэмээн ярилаа.

Тэрбээр өөрийн авсан гэрэл зургуудыг ирүүлсэн юм.

 

 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2024 оны тавдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд газар шорооны ажил хийх явцад хүний гавлын яс гарч ирлээ гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт ажиллаж, гавлын ясыг шинжилгээнд өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа.

Хүний яс олдлоо гэх дуудлага дахин бүртгэгдээгүй" гэсэн мэдээллийг өглөө.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд