Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар ХСҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ.
Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, элэг цөс нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Г.Үнэнбат: -Монгол Улсад тархины үхэлтэй донорын баг тодорхойлогдоод, тэр баг үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
ХСҮТ нийт 12 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан байна. Ард иргэдийн дунд буруу ойлголт бий болоод байна. Иргэдээс зөвшөөрөлгүй эд эрхтэн аваад, наймаалдаг мэт ойлголт нийгмийн сүлжээнд тархаад байна.
Ухаангүй хүн, тархины үхэлтэй өвчтөн хоёр гаднаасаа энгийн хүн харахад яг ижил харагддаг. Гэтэл ухаангүй, шоконд байгаа хүн буцаад сэргэх боломжтой байдаг. Үүнийг мэргэжлийн эмч нар үзээд, шинжилгээ хийгээд, эмчилгээ үргэлжлүүлдэг. Тархины үхэлтэй өвчтөн гэдэг нь тархи эргэшгүй өөрчлөлтөд ороод, тархи нь зүрх болон амьсгалаас ангидаар үхдэг. Энэ тохиолдолд хүний зүрх ажиллаж байдаг. Тархи үхсэн гэх мэдээллийг зүрх авдаггүй. Тархи үхэжсэн тохиолдолд хэзээ ч эргэж сэргэдэггүй. Энэ үеэс тархины үхэл тодорхойлох мэргэжлийн баг оношлоод, тархины үхлийг зарладаг. Улмаар П.Батчулуун даргын албаныхан тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнтэй уулздаг. Энэ бол амаргүй ажил. Уулзалтыг маш богино хугацаанд хийх шаардлагатай байдаг. Сүүлд тархины үхэлтэй нэг донор нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр, 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэн суулгах хагалгаа хийж, 14 хүнд амьдрал бэлэглэж, амьдралын чанарыг нь сайжруулсан. Тархины үхэлтэй донор гарлаа гэдэг мэдээг П.Батчулуун даргын алба эмнэлгүүд рүү мэдээлдэг. Тэр мэдээ ирснээс хойш нэг цагийн дотор 120 дуудлага хийгддэг. Богино хугацаанд багуудыг бэлтгэдэг. Эхний мэдээг аваад, элэг шилжүүлэн суулгах мэс заслын багт мэдээлнэ. Улмаар хүлээгэнд байгаа хүмүүсээс жагсаалтын дагуу шилжүүлэн суулгах хүнийг шүүдэг. Тусгай программ байдаг. Хамгийн эхэнд унтуулга, эрчим эмчилгээний зэрэг эмч нар томилогдон хөдөлдөг. Очоод өвчтөнийг үнэлнэ, шаардлагатай тохиолдолд шинжилгээ авдаг. Араас нь хагалгааны багийнхан ирдэг. Ингээд эхний нэг цагийн дотор нэг баг дээр 20 гаруй хүн ажилладаг. Энэ буянтай ажлын хийдэг нэг хүн нь П.Батчулуун эмч. Одоо нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаад байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа бол багийн ажил байдаг. П.Батчулуун эмчийг ялтай хэвээр, өвчний улмаас гэрээр ялыг эдлүүлэх шийдвэр гарч байх шиг байна. Хэдий гэрээр гаргах асуудал яригдаж байгаа ч хоёр шатны шүүхээр П.Батчулуун эмчид ял оноосон хэвээр үлдээх гэж байна. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үндсэн баг буруу үйл ажиллагаа явуулсан мэтээр харагдуулаад байна. Ингэснээр тархины үхэлтэй донор гараад, тэр өдөр хагалгаа хийсэн нийт багийнхныг ялтан болгож харагдуулж байгаад сэтгэл эмзэглэж байна.
Хавдар Судлалын Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх: -ХСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх эмч нараа 2011 оноос БНСУ-тай хамтран бэлтгэсэн. Ийн найман жилийн хугацаанд 70 гаруй эмчийг бэлтгэсэн. Тоног төхөөрөмжөө шийдвэрлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан. Олон байгууллага, хамт олны тум дэмээр энэ үйл ажиллагаа нутагшсан. Улмаар 2018 онд анхны хагалгаагаа ХСҮТ-д эхлүүлж байсан. Түүнээс хойш 200 гаруй элэг шилжүүлэх хагалгаа хийсэн. Биднийг энэ зэрэгт хүрэхэд П.Батчулуун эмчийн оролцоо их. Амьгүй донор амралтын өдөр, шөнө, орой гардаг. Эмч нарын утас хоногийн 24 цаг нээлттэй байдаг. Тархины үхэлтэй хүн болгон донор болдоггүй. П.Батчулуун эмчийн эрүүл мэнд тааруу байна. Энэ бол эрхтэн шилжүүлж байгаа эмнэлгүүдийн асуудал. 2025 он гарснаас хойш нэг ч амьгүй донор гарсангүй. Монголын мянга, мянган хүн донор хүлээж байгаа.