"ТӨГРӨГ НУУРЫН ОРД"-ЫГ ТОЙРСОН ХЭРҮҮЛ

Хуваалцах Жиргэх

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт "Төгрөг нуурын орд"-ыг  Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулга үндэстэн дамнаж оффшор бүсэд 250 сая  ам.доллароор зарсан тухай мэдээлэл хийсэн нь олны анхааралд оруулсан. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга Өрөг.мн сайтын нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа  тухайн асуудлын талаар хариулахдаа  надтай холбоо хамаарал байхгүй ээ. Хамааралтай байтлаал өөрийнхөө эзэмшдэг орд газрын буцааж авна гээд орон нутгаар иргэдтэй уулзалт хийж явхав дээ. Үнэхээр миний нэр дээр байвал  би 100 хувь буцааж өгнө хэмээн Н.Учрал сайдын мэдэгдэлийг няцааж тохуурхаж байв. Үүнийг сонссон сайд ч дуугай байсангүй. Маргааш нь тухайн асуудлыг ахин хөндөж "Х.Баттулгаа чи Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн биздээ" надаа үүнийг чинь нотлох 507нүүр бүхий баримт байна хэмээн ноцтой мэдээлэл хийсэн. Хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ ширүүхэн хэлээд авсан. Үүнтэй  зэрэгцэн "Төгрөг нуур энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн намайг хамгаалалтанд аваач айж байна хэмээн хэвлэлд хандан мэдэгдэл хийсэн юм.. 

Мэдэгдэлдээ тэрээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр манай аав "Төгрөг нуур" ордыг 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн луйварчин мэт асуудлыг хөнджээ. Аав маань “Төгрөг нуур энержи” ХХК-ийг 2005 онд маань байгуулсан. Утаагүй түлшний үйлдвэрийг “Төгрөг нуурын орд”-д байгуулж, энэ ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж, 20 хувийг эзэмшиж байсан. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2009 онд энэ ордыг 250 сая ам.доллароор худалдсан. Гэхдээ ингэхдээ бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цааш шилжүүлсэн. Тухайн үед бид гурван шатны шүүхэд хандаад тусыг олоогүй.

Өнөөдөр 17 жилийн дараа энэ ордтой холбоотой асуудлыг УИХ-ын түвшинд гаргаж ирж, улстөржүүлж байна. Би энэ асуудалд эмзэглэж байгаа тул иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалыг АТГ-т өгөх нь зөв юм байна гэж бодлоо. Үгүй бол энэ ордыг 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн мэтээр аавын минь сүнсийг хүртэл амарлиулахгүй байгаад охиных нь хувьд би зовж байна.

Над руу янз бүрийн дугаараас залгаж, зурвас бичиж байна. Би амьдармаар байна, надад үр хүүхэд бий. Би айж байна, надад хамгаалалт хэрэгтэй байна гэсэн юм. 

Мөн УИХ-ын хэд хэдэн гишүүд ч энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж өөрсдийн байрь суурийг илэрхийлсээр байгаа.

Харин өнөөдөр \2025.04.18\ УИХ-ын гишүүн Х.Баттулгыг   "Монгол ялна" ТББ  Баянгол зочид буудлын урд Төгрөг нуурын ордыг улсад буцааж өг. УИХ-ын гишүүний суудлаасаа огцроод хуулийн байгууллагад шалгуулахыг шаардаж тайван жагсаал хийж байна

"Төгрөг нуур" хүрэн нүүрсний ордны тухайд

Тус орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайтай. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд нь Чойр-Нялгын сав газарт хамаардаг. Доод цэрдийн настай хүрэн нүүрс бүхий давхарга эзэлдэг. Одоогоор ордын талбай хэмжээ 20-30 км хэмээн тооцоолсон. Төгрөг нуурын хүрэн нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн бөгөөд эрчим хүчний нүүрсний нөөцийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн эрдэмтэд үздэг.Төгрөг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг.

Тодруулбал:

  • “Төгрөгнуурын энержи” ХХК - Тахилт-1, Тахилт-2, Тахилтын нүүрс, Тахилтын нүүрсний орд зэрэг дөрвөн талбайд нийтдээ 1,113.43 га
  • “Төгрөг нуур девелопмент” ХХК - Төгрөг нуур 1, Хавцгайн дэл гэх хоёр талбайд нийт 3,657.53 га
  • "Цэцэнс холдинг" ХХК -Цайдам, Цайдам-1, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Цайдам-1 гэх дөрвөн байршилд 1,881.15 га
  • "Коммонмакс" ХХК - Хөмөөлт-1, Хөмөөлт-2, Төгрөг гэх гурван байршилд нийт 38,911.52 га
  • "Төгрөг тал" ХХК - Төгрөг, Төгрөг нуур гэх хоёр талбайд 823.26 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.

Дэлгэрүүлбэл:

Хэдийгээр тус бүлэг ордод олон компаниуд үйл ажиллагаа явуулж, лиценз эзэмшдэг ч "том толгой" нь Cамех ХХК гэх. Уг компанийг 2007 онд УИХ-ын гишүүн байхдаа Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлсэн гэж хэвлэлүүд олонтоо мэдээлж ирсэн.

Харин нээлттэй мэдээллийн санд /2006-08-17/-нд үүсгэн байгуулагдаж, 2016 онд Эксим Кредит ХХК-ийн хувь эзэмшилд шилжсэн, Гадаад худалдаа, зуучлал чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдрийн байдлаар тухайн компанийн эцсийн өмчлөгч Боожоогийн Норовсамбуу гэсэн мэдээлэл байна. Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 онд эл бүртгэл нь баталгаажсан байх бөгөөд өмнө хэн эзэмшиж байсан нь нээлттэй мэдээллийн сангаас үгүй болжээ.

1.Хамгийн олон буюу дөрвөн байршилд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Төгрөгнуурын энержи" ХХК. Эцсийн өмчлөгч нь Боожоогийн Норовсамбуу бөгөөд Төгрөг нуурын бүлэг ордод нийт 1,113.43 га талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байна. Тухайн компанийн хувьд /2007-03-21/-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Самех ХХК-ийн хувь эзэмшилд буй. Нэг үгээр хэлвэл Төгрөг нуурын бүлэг ордыг бүхэлд нь эзэмшдэг гэх Самех ХХК-ийн охин компани.

Х.Баттулгын байгуулсан гэх Самех ХХК болон, энэ ордод хамгийн олон байршилд ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн удирдлага хэмээгдээд буй Боожоогийн Норовсамбуугийн компаниудыг нэрлэвэл,

Дээрх хоёр компаниас гадна Эксим кредит, САМЕХГТ, Саянсан, Петрокоал гэх дөрвөн компанийн удирдлага ба, эцсийн өмчлөгч. Хачирхалтай нь дээрх компаниуд бүгд нэг байршилд буюу /Улаанбаатар, Чингэлтэй, 3-р хороо, баруун сэлбэ, 30 тоот/ эл хаягт бүртгэлтэй. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд гадаад худалдаа, зуучлал гэх ижил утгатай.

Үүнээс "Төгрөгнуурын энержи" болон "Петрокоал" нь идэвхтэй буюу лиценз эзэмшиж үйл ажиллагаагаа явуулдаг.

"Петрокоал" ХХК нь мөн л Төгрөг нуурын бүлэг ордод хоёр байршилд 1,184.25 га талбайг эзэлдэг. Холбоо хамаарлын хувьд, ОХУ-ийн Монрос Пром Уголь ХХК хувь эзэмшиж байна.

2. Уг бүлэг ордод хоёр байршилд 3,657.53 га-г эзэмшдэг "Төгрөг нуур девелопмент" ХХК нь Зоригтбаатарын Номундарийнх. Гадаадад оффшор данстай, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч эмэгтэй. Гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй уг компаниа /2017-04-12/-ны өдөр үүсгэн байгуулжээ.

Өдгөө Төгрөг нуурын бүлэг ордод Төгрөг нуур 1, Хавцгайн дэл гэх хоёр талбайд нийт 3,657.53 га-г ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байна.

4. Төгрөг нуурын бүлэг ордод хамгийн их га талбай буюу 38,911.52 га-г эзэмшдэг "Коммонмакс" ХХК

Хөмөөлт-1, Хөмөөлт-2, Төгрөг гэх гурван байршилд нийт 38,911.52 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, хүчин төгөлдөр статустайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. /2007-04-19/-ний өдөр гадаад худалдааны чиглэлтэй байсан бол 2009 онд Ашигт малтмалын хайгуулаар ажиллах болсон байна. Эцсийн өмчлөгч нь Liu Cheng Lin, Ерөнхий захирал нь БНХАУ-ын иргэн Naqigedaoerji / Г.Нацагдорж бөгөөд Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын Сhina Gloss Limited China Gloss Limited компани хувь эзэмшиж байна.

5. 823.26 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Төгрөг тал" ХХК. Тус ордод Төгрөг, Төгрөг нуур гэх хоёр талбайд хүчин төгөлдөр статустайгаар үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй боловч нээлттэй мэдээллийг санд "Төгрөг тал" ХХК бүртгэлгүй, хэн эзэмшдэг, хэзээ байгуулагдсан нь ч тодорхойгүй хэвээр байна.

Төгрөг нуурын ордны хувьд  дээрх мэдээлэл баримтууд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамааралтай гэх хардлагыг шууд төрүүлэх нь  аргагүй биз.  Эцсийн үр дүнд энэхүү  маргаан хаашаа хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдэж байна. 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд