Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвших эрхээ намаасаа өвөртөлсөн нэр дэвшигчид албан бусаар ажлаа аль хэдийнэ эхэлсэн.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд хэд хэдэн өөрчлөлтийг хуулиар оруулсан. Ингэснээр өмнөх шиг хаа сайгүй нэр дэвшигчдийн зурагтай самбарууд, зурагт хуудаснууд хөглөрөхгүй. Харин заасан байршлуудад л тухайн тойрогт нэр дэвшсэн бүх улс төрчийн зураг бүхий, нэгдсэн самбарыг байршуулна. Энэ нь бүх нэр дэвшигчид ижил боломж олгох, нэгдсэн стандарттай болгох зорилготой хэмээн СЕХ тайлбарласан юм.
Тухайлбал, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг байрлуулна. Нэгдсэн самбарт байрлах нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг буюу А3 хэмжээтэй байна.
Ингэснээр сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчийн мэдээллийг авах боломжтой Сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2024.06.26-ны 00 цагт дуусгана.
Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
Ухуулах байр ажиллуулах;
Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
Цахим орчин ашиглах;
Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.
Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.
Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээр хаашаа л харна, нэр дэвшигчид дурайж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим сүлжээгээр улс төрчдийн зураг, танилцуулга, хөрөг нэвтрүүлгүүд, ярилцлагууд хөвөрнө. Амаргүй ч сонгуулийн сурталчилгаа 17 хоног л үргэлжлэх тул та энэ хугацаанд амжиж тойргийнхоо нэр дэвшигчидтэй танилцаад аваарай. Намын мөрийн хөтөлбөрийг нь уншиж, сонгогчидтой хийх уулзалтад биечлэн уулзвал бүүр сайн. Ингэснээр та хэнд саналаа өгөх вэ гэж санаа зоволгүй, өөрийнхөөрөө хийх юм.
Төгсгөлд нь хэлэхэд бидний дөрвөн жилд нэг удаа эдэлдэг, хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох эрхээ эдлэх өдөр ойртож байна. Таны сонголт мэргэн байг.