Төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахгүй байхыг санууллаа

Төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахгүй байхыг санууллаа

Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” сургалтын 2024 оны 05 дүгээр сарын 30-ний өдрийн дугаарт зочноор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн оролцож, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийг төрийн албан хаагч зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өглөө.

Эхлээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн онцлог зохицуулалтуудыг танилцуулж, энэ удаагийн сонгууль хосолсон тогтолцоогоор явагдаж, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.

Хуульд зааснаар “Сонгуулийн хороодод сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна. Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно. Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй.

Сонгогчдын амралт, сувилалд амраах, аялуулах нь сонгогчдын саналыг татах зорилготой үйлдэл, үйл ажиллагаанд тооцогдоно гэв.

Мөн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэдгийг санууллаа.

Сонгуулийн хууль тогтоомжоос гадна Төрийн албаны тухай хуулийн 39.1 дэх заалтад улс төрийн намын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон байдгийг сануулаад “аливаа хэлбэрээр” гэдгийг тодотгож, тайлбарлав. Тухайлбал, мөнгө эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах талаар амлалт өгөх, нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдын амралт, сувилалд амраах, аялуулах нь сонгогчдын саналыг татах зорилготой үйлдэл, үйл ажиллагаанд тооцогдоно гэв.

Цахим сургалт (вебинар)-т 1500 гаруй төрийн албан хаагч холбогдож, зочин багшийн мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва байлцаж, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзан чиглүүлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд