Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид боловсролын салбарын хуулиудаа удаа дараа өөрчилж ирсэн. Харин 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж олон шинэчлэлийг эхлүүлсний нэг нь боловсролын салбар тусдаа яам болон байгуулагдсан явдал байв. Боловсролын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар зургаан том шинэчлэлийн бодлогыг зарлаад буй.
Боловсролын багц хуульд:
- Боловсролын ерөнхий хууль
- Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
- Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль
- Дээд боловсролын тухай хууль
Үүний нэг нь сонгууль бүрийн дараа өөрчлөгддөг хөтөлбөрийн шинэчлэл хийх асуудлыг хязгаарласан байдаг.
Үүнд Ерөнхий сайд “Боловсролын салбарын реформд засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлж байв.
Тэрбээр, "Цаашид боловсрол баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсан даруйд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байсныг халж чадсан. Тодруулбал, цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн байна. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдсэн эерэг үр дүн гарчээ. 2020-2024 он бүхэлдээ улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн онцлох жилүүд байв.
Энэ хугацаанд шинээр 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж, цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж өссөн байна.
Мөн ирэх жилүүдэд шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилго тавин ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны намрын ээлжит чуулганы төгсгөлд хэлсэн үгэндээ "Англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх асуудлыг онцгой анхаарна" хэмээсэн.
Тус ажлын хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 4-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзсан. Уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон байдаг.
Хоёр орны түншлэлийн хүрээнд АНУ-д жилд 120 Монгол оюутан суралцах боломжтой тэтгэлгийг зохион байгуулсаар ирсэн.
Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, Монгол оюутан, сурагчдыг АНУ-ын их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр, дотоодын оюутны төлбөрөөр суралцуулах боломжийг судлан ажиллаж байна. Энэ хүрээнд Жорж Мэйсоний их сургуультай 2+2 хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурж, Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр санал солилцсон билээ.
Түүнчлэн англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилгын хүрээнд АНУ-аас ерөнхий боловсролын 840 гаруй сургуульд англи хэлний багшийг үе шаттайгаар бэлтгэхэд хамтран ажиллаж, сайн дурын багш нар болон тэтгэвэрт гарсан багш нарыг авчрахаар ажиллаж байна.
Салбарын сайд энэ асуудалд "Бид дэлхийд туршигдсан хамгийн том платформыг туршиж үзлээ, маш их үр дүнд хүрч, хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс хоцрохгүйгээр суралцаж болдог юм байна гэдэг нь туршигдлаа. Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заая гэдэг ойлголттой байгаа. Нэг заалтыг нөгөө заалтаар солихоос болж, хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг үг үйлдэл унагаж болохгүй. Зөвхөн англи хэлний асуудал хөндөгдөөгүй, боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хөндөгдөж байгаа" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улс анх удаа олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж, 81 орноос 48-т үнэлэгдсэн байдаг. Энэ хэвээр санаачилсан хууль, дүрмийнхээ дагуу ажиллаж чадвал цаашдаа боловсролын салбараар дамжуулан нийгмээ хүчитгэх боломж байна.