СУРВАЛЖИЛГА: Даавуун дээрх амьдрал

СУРВАЛЖИЛГА: Даавуун дээрх амьдрал

 

         Ажлын амралтын хамаагүй бүхий л өдрүүдэд хүний хөл тасардаггүй газар бол нийслэлийн томоохон зах худалдааны төвүүд. Арга ч үгүй биз дээ. Хэдэн төгрөг нь арай татуу хэмээх бодол өвөртлөн нэг захаас нөгөө зах хүртэл зорин ирдэг хүмүүсийг бишгүй л олон удаа харж байсан. Зах дээр бужигналдах олон дунд газраар дүүрэн бараа өрсөн хүмүүс яах аргагүй анхаарал татна. Тэд бол мангасын амны эзэд.

     Тэр аманд хүний хэрэглэж болохоор бүхий л хуучин эд зүйлс, хувцас хэрэглэл, цүнх, гутал, аяга гээд л байхгүй юм үгүй. Олон хүн дундаас “Улаан цүнх таван мянган төгрөг шүү гэхдээ гуравт бол өгнө” хэмээн зөөлөн инээмсэглэх ахимаг насны эгч нүдэнд туссан юм. Ихэнхдээ эрчүүд зогсож байсан ч тэнд ажиллаж байсан цөөн эмэгтэйчүүдийн нэг. Даавуун дээр өрсөн бараанууд хуучин ч гэлээ амьдралд ойр. Бяцхан бизнес эрхлэгчийг М.Эрдэнэчимэг гэдэг.  Тэрээр өдгөө 62 настай ч насандаа баймгүй түргэн шаламгай хөдөлгөөнтэй, ахимаг насанд хэрэглэхэд тохиромжгүй ч сэргэлэн гэдэг үг түүнд яг тохирчээ. Тэрээр сонсголын бэрхшээлтэй. Бүр огт сонсдоггүй биш ч дуу чимээтэй газар   бусдын яриаг сонсоход хүндрэлтэй байдаг аж. Эрдэнэчимэг Хархорин захын гадаа   4 жил өвөл, зун алгасалгүй зогсож, цасан шуурга шуурахаас бусдаар бүх өдөр   ажлаа орхидоггүй. Өглөө 9 цагаас эхлээд үдийн 5 цаг хүртэл түүний ажлын үндсэн цаг. Тэдэнд сандал дээр суух боломж ч олддоггүй. Учир нь нийтийн эзэмшлийн талбайг чөлөөл гэвэл хурдхан бараагаа хамж аваад явахад бэлэн гэж шүү дээ. 

     Түүний барааны үнэ их энгийн. Ноосон цамцнууд арван мянга. Сайн яривал таван мянгад авах боломжтой. Цүнх таван мянга. Куртикнууд хорин мянгаас яриад арван тавд авч болно. Харин орос махны машин бол энэ хавьдаа л олдохгүй нандин эд бөгөөд хамгийн үнэд хүрэх зүйл нь гэнэ. Тэр ч утгаараа түүнийг сонирхох улс олон.

      Тэдгээр хүмүүсийн дундаж орлого өдөрт хорин мянган төгрөг. Заримдаа өдөрт гурван мянган төгрөгтэй буух тохиолдол бишгүй их. Хамгийн ихдээ жаран мянган төгрөгийн орлого хийж байсан гэнэ. Бүтэн дөрвөн жил зогсоод түүний дээд хэмжээ нь ердөө л энэ.

     Эрдэнэчимэг хоёр хүүхэдтэй. Том хүү нь нас биед хүрсэн ч гэлээ багагүй архи амсчихдаг. “Ээждээ нэмэр болохоос нэрмээс болох нь их” хэмээв. Харин бага охин нь МУБИС-д хөгжмийн багшаар суралцахаар элсэн орсон шинэхэн оюутан. Ээж нь  дөрвөн сар тасралтгүй ажиллаж байж хагас жилийн сургалтын төлбөр төлдөг. Үүнд хоол болон хэрэглээний зардал багтаагүй. Эдгээр зардлыг нэмбэл хагас жил ажиллаад ч төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ. Нас дээр гарсан хүнд даанч хүндхэн ачаа хэдий ч эх хүн хэзээд үрийнхээ төлөө байдгаас хойно.

     Түүнийг өөр ажил хийх боломжтой талаар нь лавлан асуусан юм. Залуудаа байгууллагын цэвэрлэгч, угаагч, хоол бэлтгэгч гээд хийж үзээгүй ажил цөөхөн гэнэ. Гэвч сонсголын бэрхшээлтэй учраас ажил олгогчид тийм ч удаан ажиллуулдаггүй. “Одоо бол ажил хайвал хөгшин гээд бүр ч дургүй хүлээж авна” гээд айдастай байдгаа хэллээ.

Ажилгүй иргэдийн 7.9%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна

      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2022 оны эцсийн байдлаар 23300 болжээ. Тэгэхээр бүртгэл үүсгээгүй ажилгүй иргэдийн тоо хэдэн мянга байгааг бид таашгүй. Ажилгүй иргэдийн 51.6%-ийг эмэгтэйчүүд, 7.9%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.

     Монголын ажил олгогч эздийн холбооны Баянгол дүүрэг дэх мэргэжилтэн М.Сайнзаяа “Монголд ажилгүй хүмүүс их бий, гэхдээ ажлын байрууд ч цөөнгүй бий. Манай холбоонд ажил горилохоор бүртгүүлсэн хүмүүст таарсан ажил олоод эргээд холбогдохоор хийхээсээ хийхгүй нь их байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр ханддаггүй ч ажилд орох хүсэлт явуулсан тохиолдолд ажил олгогчид тийм ч нааштай хариу өгдөггүй учраас тэд ажилд орж чадахгүй буцах тохиолдол их бий” хэмээв.

      Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг орон даяар явуулдаг хэдий ч зорилтот бүлэгтээ тэр бүр хүрч ажиллаж чаддаггүйг бид нүдээр харж байна. Ажлын байр байвч хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй.

      Бидний мэддэг KFC, CU, GS25, Emart зэрэг дэлхийн томоохон франчайзууд хөдөлмөрийн гэрээндээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээнд нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох зэрэг зүйл заалтыг зааж өгсөн байдаг. Харин дотоодын албан байгууллага бүр үүнээс суралцаж тэднийг нийгэмд идэвхтэй байхад нь тусалж өөртөө итгэх итгэлийн галыг нь асааж өгөх боломж бий.

      Түүнд мөрөөдөл бий

     Бяцхан бизнестэй ч орлого бага тэдэнд хоолгүй хонох өдрүүд олон. Өдөржин зогсож олсон хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэхийн тулд нарийн тооцоотой байдаг нь илт.  Малын дотор гэдсийг уутлан хөлдөөж бэлтгэснийг монголчууд цувдаа хэмээн нэрлэдэг. Энэ нь олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур айлуудын хоногийн хоол, сарын хэрэглээ болдог гэдгийг төсөөлсөнгүй явлаа.

     Гэвч энд өөр зорилготой хүмүүс бас ажилладаг. Тэднийг хоёр хуваана. Амьдралын хойноос, архины хойноос. Цөөхөн хэдэн зүйл зарахад архины мөнгө нь босоод ирдэг учраас бүхий л зүйлээ хаяад л яваад өгнө. Заримдаа мөнгө олдохгүй бол хүмүүсийг луйвардаж архи олж уусаар мангасын амныхан руу ойртох хүн цөөхөн болж амьдралаа залгуулахад улам хүнд болсоор.

     Эрдэнэчимэгт мөрөөдөл бий. Тэр дулаахан, тохилог, жижигхэн байшин барьчхаад “комисс” гэсэн хаяг хадаж олон нэр төрлийн бараа зарах хүсэлтэй аж. Гэвч нас хэдийн жар давчихсан учир мөрөөдөл нь түүнээс улам л холдоод байгаа. Харин хичээнгүйлэн ажиллаж байгаад ганц охиныхоо сургалтын төлбөрийг төлөөд хүүхдээ дээд боловсролтой иргэн болгох нь түүний хүсэл.

     Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллах хүсэл зорилго, амьдралын шаардлага их бий. Харин нийгэм тэднийг хүлээж авахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн бидний л адил зорилго өвөртлөн ажиллаж яваа хүмүүс.                                            

 

                                                                                                        Улаанбаатар хот. Хархорин зах. 2023.12.7



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд